Мөрөн суманд барих цэвэрлэх байгууламжийн шав тавилаа
2019-06-27 11:55:08, 565
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ахуйн бохир усны биологи цэвэрлэгээний байгууламжийг барихаар шав тавилаа. Цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг "Набсан", "Эс энд Эй" гэсэн 2 компани гүйцэтгэж 2 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тус цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 3000 м3 бохир усыг хүлээн авч, биологийн цэвэрлэгээний “Хөдөлгөөнгүй өнгөр тогтоогч бүхий идэвхт лагийн“ технологи ашиглан цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг боловсруулан бордоо хийх боломжтой ажээ.Мөрөн сумын төв цэвэрлэх байгууламж нь ачааллаа даахаа больж хотын иргэд бохир устай холилдож болзошгүй эрсдэл үүссэн байна. Тодруулбал цэвэрлэх байгууламжийн шороо нягтруулж хийсэн тунгаагуур, шингээх картууд нь ачаалал даахгүй даланг давж халих, доторлогоогүй шороон байгууламж тул олон жил ашиглагдаж усанд идэгдсэнээс далан нь тал бүрээрээ задран сэтэрч тухай бүр нь нэмэлт далан хийж өвөлжиж иржээ.Цэвэрлэх байгууламжийн ойролцоох багийн иргэдэд урин дулааны цагт бохир их үнэртдэг учраас иргэдийн эрүүл ая тухтай орчинд амьдрах эрх зөрчигдөж ирсэн байна. “Анх удаа монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган бохир ус цэвэрлэх байгууламжийг шинэлэг технологи ашиглан барьснаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандарт дээшилж, иргэд ая тухтай эрүүл орчинд амьдрах боломж бүрдэх олон ач холбогдолтой” гэдгийг нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар онцолж байлаа.Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн МОН 3713” төсөл нь Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан 5 аймгийн төвд бохир ус цэвэрлэх байгууламж барих ажлыг эхлүүлж байгаа ажээ.
Б.Гантуяа


Мөрөн суманд барих цэвэрлэх байгууламжийн шав тавилаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-06-28 15:02:40
    zochin: hurdan l oroosoi