Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж малчны тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр наашлуулсан зохицуулалтыг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж байгаа билээ.
Хуульд зааснаар, НДШ-ийг нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15 жилээс доошгүй хугацаанд мал маллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эрэгтэй, мөн нийтдээ 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаанд малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 нас хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй болж байгаа юм. Энэ талаар НДЕГ-ын дэд дарга Г.Сарангаас тодруулав.
-Малчид нийгмийн даатгалд хамрагдахын тулд юу юу бүрдүүлэх вэ?
-Хамгийн гол нь тухайн хүн малчнаар ажилласан жилээ нотолсон байх ёстой. Гэтэл манайхан үүнийгээ сайн бүрдүүлж чадахгүй байна. Нийт ажилласан байх ёстой 15-20 жилдээ хүрдэггүй тохиодол их байна. Гэхдээ малчдын сайн дурын даатгалд хамрагдсан сүүлийн жилүүдийн байдлаас харахад хуулийн хэрэгжилт ирэх жилүүдэд дээшлэх боломжтой нь ажиглагдаж байна.
Ер нь бол даатгуулагч малчны 1995 оноос өмнө малчнаар ажилласан хугацааг тооцохдоо хөдөлмөрийн дэвтэр, ХАА-н нэгдэл болон Сангийн аж ахуй (САА)-н гишүүний хөдөлмөрийн дэвтэр, Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу олгосон “Баталгаажилтын хуудас” зэргийг үндэслэж байгаа. Эдгээр баримт бичгүүд нь үрэгдсэн, бүрдүүлэх боломжгүй болсон тохиолдолд архивын лавлагаа эсхүл шүүхийн шийдвэрийг үндэслэн тогтоож байна.
1995 оноос хойш малчнаар ажиллаж НДШ төлсөн хугацааг албан журмын даатгуулагчийн хувьд, малчнаар ажилласан тушаал, шийдвэр, нийгмийн даатгалын баталгаажсан дэвтэр, 1990-2000 оны хооронд нөхөн даатгалд хамрагдсан тухай “Баталгаажилтын хуудас” зэргийг үндэслэн тооцож байна. Харин сайн дурын даатгуулагчийн хувьд нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан сайн дурын даатгалын гэрээ, баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэр, 1990-2000 оны хооронд нөхөн даатгалд хамрагдсан тухай “Баталгаажилтын хуудас”, “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын бүртгэл” буюу мал тооллогын “А” дансны баримтыг үндэслэн тооцож байна.
-Нөгөө талаар малчид үйлдвэрийн ослоор даатгуулах боломжтой гэсэн. Үүнийг тодруулна уу?
-Тиймээ, малчид үйлдвэрийн ослоор даатгуулах боломжтой.
Малчдын сайн дурын даатгалаас харахад, үйлдвэрлэлийн ослоор даатгуулахыг мэддэггүй дутагдал байна. Малаа хариулж явахдаа мориноос ойчиж гэмтэж бэртэж, хөл гараа хугалах зэрэг тохиолдолд үйлдвэрлэлийн ослын даатгал үйлчилдгийг малчид сайн мэдэхгүй, ердийн өвчин хэмээн үзээд яваад байдаг.
Гэтэл үүнийг үйлдвэрийн осолд тооцож мэргэжлээс шалтгаалах даатгалын сангаас эмчилгээний зардал, мөнгөө авдаг юм. Бүр ахиу тооцож авдгийг мэддэггүй, үүнийгээ тогтоолгож чаддаггүй зэрэг олон асуудал малчдад байгаа.
Тиймээс малчид сумынхаа Нийгмийн даатгалын байцаагч нарт хандаж, мэргэжлийн зөвлөгөө авч байх хэрэгтэй юм. Ингэхгүй байгаагаас малчид тэтгэвэрт гарах нас нь дөхөөд ирэхээр, яах вэ гэж бодоод цагийг нь тулгаж асуудлаа тавьдаг. Тиймээс одооноос тэтгэвэрт гарах материалаа бүрдүүлж, холбогдох зүйлээ нотлож байх нь зүйтэй байна.
-Малчид даатгалд хамрагдахад буюу малчнаар ажилласнаа нотлоход голлон бүрдүүлэх зүйл гээд байгаа А баримт гэж яг юуг хэлээд байна вэ?
-Энэ нь тухайн малчин айл өрх улсын мал тооллогод хамрагдсаныг нотлох баримт юм. Улсын хэмжээний нийт 300 гаруй суманд судалгаа хийхэд 44 суманд л А баримт бүрэн байгаа дүн гарсан. Бусад сум нь яасан гэхээр, тухайн үеийн нэгдэл, САА бутарч байх үед сайн хадгалж бүрдүүлээгүй тэр чигт нь хаячихсан. Үүнд мөн хүн амын шилжилт суурьшилт их нөлөөлсөн байдаг. Харамсмаар зүйл нь их олон архив шатсан байгаа юм.
Төвлөрсөн нийгмээс зах зээлд шилжих үед ХАА-н нэгдлүүд ихэвчлэн хоршоо болон байгуулагдсан боловч тухай хоршооны удирдлага, гишүүд А баримтыг цэгцэлж хадгалах учиртай байтал хүн хүний гар дамжаад алга болсон, тэр ч байтугай, тухайн үед сумын төвөөр хийсээд явж байсан гэж малчид ярьж байгаа юм.
Иймээс, одоо сум бүрт энэ асуудлыг цэгцэлж шийдвэрлэх үүднээс Даатгуулагчийн малчнаар ажилласан болон НДШ төлсөн хугацааг тодорхойлох Зөвлөл байгуулан ажиллаж байна. Зөвлөл нь малчин сайн дурын даатгуулагчийн “А” дансны лавлагаа байхгүй тохиолдолд мал маллаж байсныг тогтоож байгаа юм. Өнөөдрийн байдлаар ийм зөвлөл 337 сум, 3 дүүрэгт байгуулагдан ажиллаж байна. 1228 малчны малчнаар ажилласан хугацааг тодорхойлоод байна. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 5983 малчин өндөр насны тэтгэврээ тогтоолгож, тэдний тэтгэвэрт 8049.4 сая төгрөг зарцуулаад байна.
-Зөвлөл хараат бусаар ажиллах уу?
-Тиймээ. Яг таны тавьж буй асуудал чухал юм. Хамгийн гол нь, Зөвлөл малчдын ажилласан жилийг үнэн зөв, шударгаар тогтоон, хараат бусаар ажиллах учиртай юм. Эцэст нь хэлэхэд, хоёр нарны хооронд цаг наргүй ажилладаг малчдын хөдөлмөр хүнд нөхцөлд тооцогдохоор боловч үүнийгээ малчид өөрсдөө сайн ойлгодоггүй. Гэтэл одоо тэдэнд хөдөлмөрөө үнэлүүлэх, даатгуулах боломж гарч ирж байна. Үүнийгээ тэд бас ухамсарлаж залуу наснаас энэ боломжийг бүрдүүлээсэй гэж хүсэж байна.
Б.Болд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Г.Саран: Малчид үйлдвэрийн ослоор даатгуулахаа мэддэггүй |
|
Сэтгэгдэл бичих