Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Дулааны станцыг өргөтгөх санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгуулна
2023-09-27 23:15:48, 301

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, түүний үр дүн, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Ирэх оны төсвийн төслийг боловсруулж буй энэ үед аймаг бүрд Ерөнхий сайд, танхимын сайд нарын хамт очиж асуудлыг судлаад саналыг нь тусгаж байна.

Хөвсгөл аймгийн иргэдийн уулзалтад 600 гаруй хүн оролцож, 70 гаруй нь санал, хүсэлтээ илэрхийлж, Ерөнхий сайд болон салбарын сайд нар асуултад нь хариуллаа.

Хамгийн хүн амтай тус аймгийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг инфляцтай уялдуулж индексжүүлэх, малын эмч ховордсонд төрийн бодлогоор анхаарах, тариалан эрхлэгчдийг дэмжих, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх, нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгох, Хөгжимт драмын театрын барилгын ажилд анхаарах, Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай зам тавих, “Бэлтэс Мөрөн” компанид мөнгөө алдсан иргэд хохирлоо хэрхэн барагдуулах нь тодорхой бус болсон зэрэг санал, хүсэлтийг иргэд гаргаж байлаа.

Тус аймгийн өмнө тулгамдаад байгаа Хөвсгөл аймгийн Дулааны станцыг өргөтгөх санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгуулах саналыг Ерөнхий сайд дэмжихээ илэрхийлэв.

“Хөвсгөл Дулааны станц" ТӨХК нь Мөрөн сумын 2813 айл өрх, албан байгууллагыг дулааны эрчим хүчээр хангадаг.

Тус компани 34,8 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай боловч өнөөдрийн байдлаар 2813 хэрэглэгчийг суурилагдсан хүчин чадлаасаа давсан тооцоот ачаалалтайгаар ажиллах нөхцөл бүрджээ.

Тодруулбал хүчин чадлаасаа давсан тооцоот ачаалалтайгаар халаалтын оргил ачааллын үед бэлтгэл зуухгүйгээр аваарын горимоор бүрэн хүчин чадлаараа ажиллана.

Цаашид Хөвсгөл аймгийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг найдвартай дулааны эрчим хүчээр хангах, аваар сааталгүй үйл ажиллагаа явуулахад зайлшгүй өргөтгөл хийж хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай болсон байна.

Тус станцыг 21мВТ хүчин чадалтай нэг зуухаар өргөтгөх ажлын зураг, төсөв 2021 онд хийсэн бөгөөд өргөтгөлийн ажлын төсөвт өртөг арван зургаан тэрбум гэсэн тооцоолол хийсэн байна.

Б.Ганаа

 



Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Дулааны станцыг өргөтгөх санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгуулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0