Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ой боллоо
2022-11-22 16:38:51, 494
Монгол Улсад ардчилсан шинэ үндсэн хууль баталсны 30 жил, Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойг Хөвсгөл аймагт тэмдэглэв.Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 1992 оны 10 дугаар сарын 8-ны өдөр болж 71 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр байгуулагдсан түүхтэй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд 8 удаагийн ээлжит сонгуулийн үр дүнгээр давхардсан тоогоор нийт 359 төлөөлөгч сонгогджээ.
 
Эдгээр төлөөлөгчдөөс хамгийн их буюу Л.Төмөрбаатар 5 удаа, Ц.Хөвсгөлдалай 4 удаа сонгогдсон байна.Хөвсгөл аймаг байгалийн үзэмж төгс, онгон дагшин газар нутагтай, байгалийн баялаг ихтэй, олон төрөл зүйлийн ховор ан амьтантай, хамгийн олон гол горхитой, Монгол Улсын ойн нөөцийн 36 хувийг, цэнгэг усны нөөцийн 70 хувийг, дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.3 хувийг бүрдүүлдэг.Энэ үеэр ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, “2009 онд аймгийн ИТХ аймгийнхаа газар нутгийн 50 дугаар өргөргөөс хойших газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, тухайн үед Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур сумын нутаг дэвсгэрт хууль бусаар алт, ашигт малтмал олборлох, бусад суманд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөшөөрлүүд олгогдож байсныг таслан зогсоосон. 2014 онд тус шийдвэрийг 25 жилийн хугацаагаар сунгаж баталсан нь иргэн бүрийн чин хүслийг биелүүлсэн түүхэн шийдвэр болж чадсан.
 
Мөн 2019 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид “Хөвсгөл аймаг бол уул уурхайгаас ангид байж, аялал жуулчлалыг дэмжсэн, мал аж ахуйдаа түшиглэн хөгжих” урьд өмнөх үе үеийн Хурлын бодлогыг залгамжлан 50 дугаар өргөргөөс урагш газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Ингэснээр Хөвсгөл аймгийн газар нутаг 100 хувь орон нутгийн тусгай хамгаалалттай болж, байгаль орчинд ээлтэй, малчин иргэд сэтгэл тэнүүн амьдрах баталгааг хангаж өгсөн” гэдгийг онцолж байлаа.
 
 
Хөвсгөл аймгийн ИТХ орон нутгийнхаа хөгжлийн бодлогыг урт болон дунд, богино хугацаагаар төлөвлөн, төрийн албаны залгамж чанарыг баримтлан, өөр өөрийн өвөрмөц арга барил, бодлого зорилттой, нутаг дэвсгэрийнхээ олон асуудал, түүхэн бодлого шийдвэрүүдийг цөөнхөө хүндэтгэж, төлөөллийн ардчиллын зарчим, олон ургалч үзэлд тулгуурлан гаргаж ажиллаж ирсэн. Тус аймгийн орон нутгийн орлого 2000 онд 1.2 тэрбум төгрөг, 2012 онд 7.1 тэрбум төгрөг, 2021 онд 29.4 тэрбум төгрөг болж 20 жилийн хугацаанд 25 дахин өсжээ.
 
Мөн 2000 онд 522.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж байсан бол 2012 онд 52.8 тэрбум төгрөг, 2021 онд 68.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, нийт 121.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийсэн байна.
Б.Ганаа
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 


Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ой боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0