Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газраас төмс, хүнсний ногоо, тариалагчдын технологийн хугацаат ажилд дэмжлэг үзүүлэн ургацыг хаягдалгүй хураах, орон нутгийн эрүүл хөрсөнд ургасан экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх нөөц бүрдүүлэх зорилготой “Бидний ажлын нэг өдөр ургацын талбайд” уриалга гаргалаа.
Тодруулбал Эрүүл мэндийн байгууллагаас бусад аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг байгууллагын албан хаагчид нэг өдөр ургац хураалтад оролцож тариаланч, иргэдэдээ туслах юм.
Энэ нь төрийн албан хаагчдын манлайллыг харуулж, хөдөлмөрийн насны иргэдэд түр ажлын байраар орлогын эх үүсвэр бүрдүүлэх боломжтойг үлгэрлэх гэнэ. Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн хавар 18723 га талбайд үр тариа, үүнээс 18400 га-д улаан буудай, 321 га-д арвай, 113 га-д овьёос, 23 га-д вандуй, малын тэжээлийн ургамал 1354 га-д, тосны ургамал 300 га-д, 295 га-д төмс, 204 га-д хүнсний ногоо тус тус тариалсан байна.
Ургацын урьдчилсан балансаар 27454 тн үр тариа, 2306 тн малын тэжээл, 3250 тн төмс, 2457 тн хүнсний ногоо хураан авна гэсэн төлөвтэй байна.
Б.Ганаа
“Бидний ажлын нэг өдөр ургацын талбайд” уриалга гаргалаа |
Сэтгэгдэл бичих