Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бур уламжлал болгон зохион байгуулдаг Мөсний баярыг шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор цуцлах саналыг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлэхээр болов. “Мөсний баяр сүүлийн жилүүдэд өргөжин тэлж гадаад, дотоодын аялагч жуулчид гээд 15-20 мянган иргэн зорин ирдэг болсон учраас шинэ коронавирусний халдвар гарч болзошгүй тул энэ жил зохион байгуулахгүй байх саналыг ийнхүү холбогдох яаманд хүргүүлж байна. Байгаль орчин аялал жуулчлалын яам шийдвэрийг гаргана” гэдгийг Онцгой комиссын дарга Л.Ганболд хэллээ. Мөсний баярыг энэ жил 20 дахь жилдээ "Хөх сувд дэлхийн нүүдэлчдийн мөсний баяр" сэдвийн хүрээнд тэмдэглэхээр шийдвэрлэсэн байсан юм. Энэ үеэр анх удаа тэмдэглэж ирснээс өнөөдрийг хүртэлх түүхийг харуулсан зургийн үзэсгэлэн, нүүдэлчдийн соёлыг харуулсан дархад цагаан адууг сэтэрлэх зан үйл, хоймор нутгийн 6 дахь хошуу мал цааг олон нийтэд таниулан сурталчлах цаатны хотхон байгуулахаар төлөвлөсөн байжээ.
Б.Ганаа
"Хөх сувд-2020" мөсний баярыг цуцлах саналыг хүргүүлэхээр болов |
Сэтгэгдэл бичих