Хөвсгөл аймгийн Онцгой комиссын энэ оны анхдугаар хуралдаан болж өвөлжилтийн байдлын талаарх асуудлыг авч хэлэлцэж өвөлжилт хүндэрсэн сумдад өвс, тэжээлийг хүргүүлэхээр болов.Тус аймгийн Галт, Жаргалант, Шинэ-Идэр сумуудад өвөлжилт хүндэрч малын хорогдол нэмэгдэж байгаа гэнэ. Хуралдаанд Жаргалант сумын Засаг дарга И.Найманжин, Галт сумын Засаг дарга М.Должинжав нар оролцож цаг үеийн байдлыг танилцуулж малчдад өвс, тэжээл хэрэгтэй байгааг хэлж байлаа. Аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд өвөлжилт хүндэрсэн сумдад аймгийн нөөцөөс үндсэн үнээр нь буюу нэг боодол өвс 8500, нэг уут тэжээлийг 10500 төгрөгөөр олгож, тээвэрлэлтийн зардлыг Онцгой комисс хариуцахаар шийдвэрлэв. Мөн өвөлжилт хүндэрсэний улмаас бусад аймгийн нутагт оторлож яваа малчдын эрүүл мэндэд анхааран ажиллахыг Эрүүл мэндийн газрын даргад үүрэг болгов. Отроор яваа малчдаа газар дээр нь очиж эргэж өвөлжилтийн байдалтай танилцах үүргийг Жаргалант, Галт сумын Засаг дарга нарт өгч зарцуулагдах 500 мянган төгрөгийн шатахууныг олгохоор шийдвэрлэлээ.
Б.Ганаа
Өвөлжилт хүндэрсэн сумдад өвс, тэжээл хүргүүлнэ |
|
Сэтгэгдэл бичих