Хүн бүхний сэтгэлд итгэл хайр гэрэлтсэн шинэ оны шинэ өглөө. Зөөлөн хаялах цас нарны гэрэлд гялтганан сэтгэлд уянга хөглөсөн энэ өдөр гэгээн уянгалаг, тэмүүлэл, хүсэл зорилгодоо хөтлөгдөж, тууштай хөдөлмөрлөж, мэргэжилдээ мэргэшсэн Хөвсгөл нутгийн манлайлагч, оюунлаг залуусын төлөөлөл болсон Сод-Эрдэм сургуулийн захирал Д.Мөнхбаатарыг Хайрын төгөл-д урилаа.
Блиц анкет
Овог нэр: Дамдинсүрэнгийн Мөнхбаатар
Орд: Охин
Мэргэжил: Математикч, Математикийн багш мэргэжилтэй. Боловсролын удирдлага, менежментээр магистрын зэрэг хамгаалсан. Энэ чиглэлээрээ Докторантурт суралцаж байна.
Дуртай хоол: Бүхэл мах, хавтгай гурилтай
Хэлэх дуртай үг: Аав маань “Олон түмнийхээ дунд байж, хүнд тустай яваарай миний хүү” гэж захидаг. Бодож тунгаах бүр л утга гүн, ухаарал-сэхээрэл өгдөг. Энэ бол миний амьдралын үндсэн зарчим. Тийм болохоор үргэлж бодож тунгааж явдаг даа. Хэлэх дуртай олон үг бий шүү/инээв/. Үүн дотроосоо “Ажил хийж ХҮН болдог” гэх үгийг хэлэх дуртай. Орчин цагийн залуу Монгол хүн бүр санаж явахад илүүдэхгүй санагддаг... Харин сүүлийн үед “Эрдэм, ажил хосолсон орчинд сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч, тэмүүлэлтэй Монгол хүн төлөвшүүлнэ” гэх өгүүлбэрийг маш их хэрэглэж байна.
Мөрөөдөл: Монгол улсынхаа ирээдүйн эздийг бэлтгэх, боловсруулах, хүн болоход нь нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх. Улмаар сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч, эрдэмтэй Монгол хүн Монгол улсын хөгжлийн жолоог атгах боломжит орчин, нөхцөл бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах. Мөн хувьдаа бол “тогтуун, найрамдуу” сэтгэлийн төлөвийг олох нэгэн мөрөөдөл бий!
Дуртай өнгө: Хар хөх, цэнхэр өнгөтэй хувцас голдуу өмсөж хэрэглэдэг болохоор Хар хөх, ногоон юм болов уу даа.
Таны бахархал: Аав, ээж хоёр минь билээ.
Амрах дуртай газар: Байгалийн сайханд амарч, аялах дуртай. Нутагтаа очих их сайхан.
Баярласан сэтгэлээ яаж илэрхийлдэг вэ: Инээж, талархлын үгээр,
Царайны тал дээр: Уул нь гаагүй шүү /инээв/.Хүмүүс гаагүй сайхан залуу байсан л гээд байдаг ш дээ.
Аз жаргалыг нэг үгээр тодорхойлбол: Хүүхэд
Салахыг хичээдэг муу зуршил: Итгэмтгий зан
Амьдралын тань хамгийн үнэтэй зүйл: Гэр бүл
Бухимдлаа яаж илэрхийлдэг вэ: Дуугаа хураадаг.
Амьдралдаа мөрддөг зарчим: Олныхоо дунд байж, хүнд тустай явах
Уурлахаараа нүүрэн дээр чинь тодордог шинж: Хөмсөг зангидах
Худалдаж авах дуртай зүйл: Ном,
Өөрийг тань чимдэг зүйл: Даруу зан
Хамгийн сүүлд авсан бэлэг: Нэрийн хуудасны хайрцаг
Анх танилцсан хүнээсээ хамгийн түрүүнд юуг нь онцолдог вэ: Нүд, Хандлагыг хардаг
Дургүй хүн: Итгэл эвддэг хүн
Кайф авдаг зүйл: Амар амгалан
Нууц авьяас: Авьяас байхгүй ээ.
-Өөрийгөө танилцуулаач ?
- Товчхондоо бол найдвартай хүн гэж ойлгож болно. Ойр тойрныхон, найз нөхөд, ажлын хамт олон маань намайг ямарваа нэг зүйлийг маш удаан гамтай, нямбай хэрэглэдэг хүн гэдэг. Ер нь бол хувцас, утас, пиджак гээд л. Хэдэн жилээр өмсөж хэрэглэдэг. Бүгд мэднэ дээ/Инээв/. Зарим нь бүр соль, шинэчил гэж шахаж шаарддаг шүү. Найз нөхдөдөө ч маш үнэнч хүн. За гэвэл ёогүй байх гэж л боддог. Бас Сайн багш, төрийн хар хүн болох аялал хийж явна. Мөн унших, эргэцүүлэх дуртай. Сүүлийн үед мэргэжлийн ном, сэтгүүлээс гадна, түүх, гүн ухааны чиглэлийн ном сонирхон уншдаг болсон. Аа тийм сургуульд байхдаа шүлэг бичих гэж оролддог байлаа. Сургуулийнхаа Хүрэл тулга тэмцээнд нэг удаа орж үзэж байсан. Одоо бодоход гоё л санагдаг юм.
Математикийн багш нарын олимпиадад амжилттай сайн оролцдог байсан. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтад олон шавь нараа математикаар бэлтгэж амжилт үзүүлсэн. Шавь нар дотор Математик суурьтай эдийн засагч, инженер, багш, программист гээд төрөл бүрийн мэргэжилтэн байна. Одоо шавь нараас маань ажил, амьдрал дээр гараад сайхан явж байгаа. Мэргэжлийн ном эмхтгэж бичсэн, юм юм л оролдож үздэг.
- Гэр бүлээ танилцуулаач ?
- Манай гэр бүлийн хүнийг М.Мөнхчулуун гэдэг. Эмч мэргэжилтэй, Одоо Нэгдсэн эмнэлэгт дүрс оношилгооны эмчээр ажилладаг. Нарийн мэргэжлийн эмч болтлоо 10 жил лав сурсан. Эрүүл мэндийн салбартаа 10 –аад жил ажиллаж туршлагажиж яваа эмч хүн байгаа. Ам бүл 7. Эхнэр таван хүүхэдтэйгээ амьдардаг. Хүүхдүүдээс дөрөв нь сургуульд суралцдаг. Нэг бага бий /инээв/. Сүүлийн үеийн залуучууд дотроо олон ам бүлтэй айлд тооцогдож байна.
- Ханьтайгаа танилцаж байсан дурсамжаас хуваалцвал ?
- Бид хоёр нэг ангийн хоёр л доо. Надад нэг алаг салаат, шпроты авч өгч байсан санагддаг юм. Тэгээд л танилцсан даа.
-Гэр бүлийн үнэ цэнэ таны бодлоор ? Бие биедээ итгэж, хамтдаа хөдөлмөрлөж амьдралаа эхнээс нь урлаж, бүтээж босгож яваа залуучууд. Энэ бол бидний үнэт зүйл.
- Эрх чөлөө бол хайрын шинэ дайсан гэдэгтэй санал нийлэх үү?
- Магадгүй
- Амьдрал ганцхан хайр дээр биш ёс суртахуун дээр тогтдог гэж зарим нь ярьдаг Таны бодлоор ?
- Амьдрал илүү олон зүйл дээр
- Өөрийгөө хайрладаггүй хүнийг өөр хүн яаж хайрлах юм бэ гэсэн үг байдаг. өөртөө хэр цаг гаргаж өөрийгөө хайрлаж байна ?
- Гамгүй явсан үе бий бий.
- Танай гэр бүлдээ хир цаг зарцуулж байна бэ?, Гэр бүлийнхээ уур амьсгалд оруулж буй таны хувь нэмэр юу бэ?
- Сүүлийн үед гэр бүлдээ цаг зарцуулахыг хичээдэг болсон. Манай гэр бүлд уламжлал болон тогтсон хэд хэдэн зүйл бий. Залуу гэр бүлүүдэд санаа болж магадгүй юм. Тэр юу бэ гэвэл долоо хоног бүрийн ням гарагт гэр бүлийн хурал хийж долоо хоногийн ажлын амжилт ололт, анхаарах асуудлаа 2 од, 1 хүсэл хэлбэрээр ярилцаж протокол хөтөлдөг. Хүүхдүүд маань их дуртай байдаг. Тэгж явсаар оны төгсгөлд гэр бүлийн гишүүдийн дунд шилдэг хүмүүнлэгийн үйлстэн, сурлага, урлаг, спортын аварга, гэрийн ажилсаг, оролцоо, харилцаа хандлага сайтай гишүүн, эгдүүтэй хөөрхөн хайр түгээгч, бүтээлч зэрэг номинацуудыг шалгаруулж батламж олгодог. Энэ жил том охин М.Аззаяа маань сурлага, спорт, ажилсаг номинацийн эзэн болж, Эгдүүтэй хөөрхөн хайр түгээгч номинацийн эзнээр 1 настай бага маань 2 дахь жилдээ шалгарч байна. Мөн гэр бүл дотроо жилийн турш шилдэг уншигч уралдаан зарладаг. Үүнд бүх гишүүд оролцдог. 2020 онд 7-р ангийн охин М.Азжаргал маань 25 ширхэг ном буюу 5717 хуудас ном уншиж 1-р байр, 4-р ангийн охин М.Азбилиг маань 25 ширхэг ном буюу 4007 хуудас ном уншиж 2-р байр, би 18 ном уншиж 3-р байрт тус тус шалгарсан байна. Аав ээж нь ном уншаад байвал хүүхдүүд дагаад их уншдаг. Энэ тал дээр л үлгэрлэдэг дээ.
- Ажлын гараагаа хаанаас эхэлж байв ?
- Математикийн багшаар суралцаж байхдаа УБ –ын 97-р сургуульд математикийн багш, мөн УБ зуун айлын урд талд байдаг Контор гээд сургалтын төвд элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан багшаар тус тус оюутан байх хугацаандаа ажиллаж цалин авдаг байлаа. Багш нараасаа зөвшөөрөл аваад хичээл, ажлаа зохицуулдаг байсан даа. Анагаахын байранд хар багын анд Д.Түвшинбаяр найзтайгаа нэг тасагт хэдэн жил амьдарсан. Бид хоёр мөнгөө нийлүүлж байгаад тухайн үедээ хүчин чадал багатай цагаан компьютер авсан юм. Тэгээд тэр компьютер дээрээ анагаахын оюутнуудын бие даалтыг шивж өгч бага сага мөнгө олдог байлаа. Хуудсыг нь 500 төгрөгөөр шивдэг байсан санагдаж байна. Эхлээд ч шөнөжин шахуу шивээд л 1000 төгрөг авч байсан. Сүүлдээ 10 хуруугаараа бичдэг болсон. Хурд ч нэмэгдсэн. Орлого ч нэмэгдсэн /инээв/.
Харин их сургуулиа төгсөөд төрсөн нутаг Галт сумынхаа сургуульд Ч.Гомбожав захирлынхаа удирдлага дор ажилласан. Ч.Гомбожав захирал маань олон жил захирал хийсэн, маш их туршлагатай хүн. Надад олон ч зүйлийг зааж сургасан даа. Мөн саяхан Монгол улсын гавьяат багш хэмээх эрхэм алдрыг хүртсэн С.Пүрэвжав багшаасаа сургалтын менежерийн ажлыг хүлээж авч байсан азтай хүн шүү би. Тухайн үед хамт ажиллаж байсан хамт олон багш, ажилтан, албан хаагчдадаа та бүхэндээ баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна. Би хэмээх залуу сум орон нутгаа хөгжүүлнэ энэ тэр гээд л маш том мөрөөдөлтэй, оргилуун хүн очиж байсан шүү/инээв/. Жинхэнэ сургуулийнхаа эд эс болж ажиллаж байсан. Олон сайхан багш нартай хамтран ажиллаж, тэднээсээ суралцаж, тэднийхээ тус дэмээр багш болох эв эеэ олсон доо. Галт сумын сургуульдаа 2007-2015 онд багш, сургалтын менежерийн алба хашиж сургалтын бодлогыг тодорхойлон ажилласан. Энэ хугацаанд хамт олны нөр их хөдөлмөр, бүтээлч, санаачлагын үрээр сургууль маань аймгийн шилдэг сургууль, хүүхдэд ээлтэй сургууль/2 удаа/, бүсийн төв сургууль, Агуу багш хөдөлмөрийн баатар, гавьяат багш Т.Дашцэдэний нэрэмжит сургууль, топ менежменттэй сургууль болж хүчирхэгжин хөгжиж байлаа. Хамт олныхоо хүч дэмжлэг, их итгэлээр миний бие АБТА, тэргүүлэх багш, аймгийн шилдэг сургалтын менежер болж байсан. Галт сумын сургуульдаа ажилласан 9 жил бол миний амьдралын, залуу насны хамгийн сайхан дурсамж, баяр баясал дүүрэн жилүүд байсан. Хамт олон, хамт ажиллаж байсан бүх хүмүүстээ талархал дэвшүүлье. Их сайхан асуулт асуусан танд баярлалаа.
-Багш хүний бахархал ?
- Шавь, багшийн алдар өөрөө бахархал юм. “багшийн алдар суу аугаа” билээ.
- Багшлах удирдах хоёрын ялгаа ?
- 11-12 жил шахам сургалтын менежерээр ажиллаж, түүндээ нэлээд туршлагажсан. Аймагтаа олон жил менежерээр дагнан ажилласан сургалтын менежерүүдийн тоонд ордог. Харин захирлын алба хаших, багшлах хоёр ялгаатай гэж харвал хэлбэр талаасаа бол нэлээд ялгаатай боловч Хөвсгөлийн алдарт захирал З.Шаарий багшийн хэлснээр “сургууль удирдана гэдэг бол хичээл удирдана гэсэн үг” гэж сургамжлан захисан байдаг. Аль аль нь сурган хүмүүжүүлэх ажлыг хийж буй эрхэм хүндтэй алба гэж ойлгодог. Багш, ЗАН-ийн ахлагч, сургалтын менежер гээд сургуулийн шат шатны ажлыг сайн хийж “хүн” болж байж сургуулийн удирдах ажил хийх ёстой гэж ахмад багш нар маань захидаг нь их нарийн мэргэшил болохыг илтгэдэг, хүндтэй алба юм.
- Танай сургуулийн онцлог ?
- Манай сургуулийн барилга 2015 оны 11 сард ашиглалтад орж 2016 оны 1-р сарын 04-нд 10-12 ангийн 500 –аад сурагчидтай ахлах сургуулийн хэв шинжтэй эхэлж байсан. Хөвсгөлд анх удаа ахлах сургуулийн сургалтын хөтөлбөрийг туршиж, ахлах сургууль байгуулах ажлыг туршин эхлүүлж байсан үе юм. 2017 оны 10-р сараас яам болон орон нутгийн бодлогоор 1-12-р ангитай ердийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болж өөрчлөгдөн. 2020 онд 2020 -2025 онд сургууль хөгжүүлэх “Миний сургууль-Миний гэр” хөгжлийн хөтөлбөр боловсруулагдан батлагдсанаар “Хөгжүүлэх сургалттай, технологид суурилсан, судалгаа аргазүйн түшиц, эко сургууль” болох бодлого алсын хараа тодорхойлогдсон юм. Үүнтэй уялдаад “математик, англи хэлний” гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болох ажлыг эхлүүлээд явж байна. 2020-2021 оны хичээлийн жилд манай сургууль 1100-аад хүүхэдтэй, 85 багш, ажилтантай сургалт хүмүүжлийн ажлаа зохион байгуулж байна. Сургуулийн маань 5 жилийн ой тохиож байна. Мэргэжлийн багшаар 100 хувь хангагдсан, нийт багш нарын 29 хувь магистрын зэрэгтэй, 74 хувь мэргэжлийн зэрэгтэй багш нар ажиллаж байна. Эрч хүчтэй, чадалтай багш нар олон бий. Байгууллага дотроо “Эрдэм, ажил хосолсон орчин” бүтээхийг зорин ажиллаж байна.
- Би танаас их гоё нэвтрүүлэг хийж хөтөлмөөр байна гэж сонсож байсан ?
- Тиймээ. Тийм нэгэн сонирхол тээж явдаг. Ярилцлагын гоё нэвтрүүлэг ч юм уу. Бас л нэг мөрөөдөл юм даа. Алсдаа бүтэх байхаа. Туслаарай./инээв/
- Өөрийн тань амьдралдаа хэрэгжүүлдэг нууц төлөвлөгөө юу байна ?
-Өө нэг их нууц төлөвлөгөө бол байхгүй ээ /инээв/. Зөв замаар зөв алхаад бай! Өөрийнхөөрөө.
О.Дашбалбар гуайн
Хамаг бүгдээр чамайг харааж зүхэж байвч тэнгэр шиг бай
Хамгийн сайн хүн гэж хашхирч ерөөж байвч тэнгэр шиг бай. Багаасаа л өөрийн бодолтой, хүний элдэв араншинг таньж хэрсүү өссөн. Тэр бол миний нууц биш нууц байхаа.
- Та хайраар хамгийн түрүүнд юу хийж чадах вэ?
- Эрх чөлөө, өөртөө итгэх итгэл, бусдад уусах уусалт, мөр холбож чадна. /инээв/
Яг одоо санаанд орсон нь ...
Сэтгэлийн гүн оршихуйд
Газар, тэнгэрийн завсар дахь буй бүхэн өрнөнө.
Ертөнцийн гүн оршихуйд
Сэтгэлийн илбээр бүтсэн буй бүхэн өрнөнө.
- "Хайрын төгөл”-д тухлан саатсанд баярлалаа. Аз жаргал эрүүл энхийг хүсье
Баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье. Сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч, тэмүүлэлтэй Монгол хүн танд талархлаа. Нийт уншигч нартаа шинэ оны халуун мэнд хүргэе.
Сэтгүүлч Б.Гантуяа
Бие биедээ итгэж, хамтдаа хөдөлмөрлөж амьдралаа эхнээс нь урлаж, бүтээж явна |