Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Хатгал тосгонд ажиллалаа. “Эрх зүйн хөтөч” өдөрлөгт тус аймгийн хууль хяналтын бүх байгууллага болон төрийн 13 байгууллага, төрийн бус 2 байгууллагын нийт 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг аймгийн төвд үзүүлдэг төрийн 2 дахь шатлалын үйлчилгээг алслагдсан багийн иргэдэд хүргэж, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна. Өнөөдөр Хатгал тосгоны 800 орчим иргэд төрийн үйлчилгээг авсан юм. Энэ үеэр иргэдээс ирүүлсэн 72 өргөдөл гомдлын 69-ийг нь газар дээр нь шийдвэрлэсэн бол 3 өргөдлийг Мөрөн хотод очиж дахин судлаж байж шийдвэрлэхээр болов. Хатгал тосгоны иргэд Эрх зүйн хөтөч өдөрлөг цаг үеэ олсон иргэдэд хэрэгтэй арга хэмжээ байна.
Цаашид улиралд нэг удаа зохион байгуулж өгөөч, сүүлийн үед эрчим хүчний үнэ нэмэгдэж байна. Энэ талаар мэдээлэл өгөх Эрчим хүчний ажилтанг багтаа оруулж өгөөч гэдгийг хүсч байв.
Мөн өнгөрсөн намар буюу 9 сард аймгийн Засаг даргын Эрүүл иргэнтэй аймаг болох зорилтын хүрээнд Хатгал тосгоны захирагч Б.Ганбаатарын санаачилгаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дурангийн эмч Ч.Болдбаатартай хамтран Улаанбаатар хотын Сонгодой эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарыг авч ирж 150 ахмад настанд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийлгэсэн. Энэ үеэр гарсан бүх зардлыг хариуцаж иргэндээ хүрсэн бодлого хөтөлбөр хэрэгжүүлж буйд ахмадууд Засаг дарга Л.Ганболдод талархал илэрхийлж байлаа. Ийнхүү Хатгал тосгоны иргэд Эрх зүйн хөтөч өдөрлөгт идэвхитэй оролцож 29 сэдвийн хүрээнд 265 иргэн зөвлөгөө мэдээлэл, хууль зүйн туслалцаа үйлчилгээг, давхардсан тоогоор 1262 иргэнд хууль эрх зүйтэй холбоотой гарын авлага тарааж ажиллалаа. Өдөрлөгийг аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүхийн эвлэрүүлэн зуучлагч, сэтгэл зүйч, аймгийн ГБХЗХГ, НДХ, ХХҮГ, БОАЖГ, ЭМГ, ГХБХБГ, ХЭҮК болон Дэлхийн зөн ОУБ хамтран зохион байгуулж байна.
Ийнхүү аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг иргэдэд тайлагнах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, төрийн бодлогоо боловсруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг хүртээмжтэй чирэгдэлгүй нэг цэгээс иргэдэд хүргэх, өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцах зорилготой “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ-иргэдээ сонсъё” Эрх зүйн хөтөч өдөрлөг Хатгал тосгонд амжилттай зохион байгуулагдлаа.Маргааш Хөвсгөл аймгийн хоймор болсон Ханх сумыг зорих аж.
Б.Гантуяа
“Эрх зүйн хөтөч” өдөрлөгийн үеэр Хатгал тосгоны иргэдээс ирүүлсэн 69 өргөдөл гомдлыг газар дээр нь шийдвэрлэлээ |
|
Сэтгэгдэл бичих