Өнөөдөр өвлийн тэргүүн сарын шинийн 25-н ''Зулын 25" буюу "Богд ламын дүйчэн" өдөр тохиож байна. Энэ өдрийн тухай Хөвсгөл аймгийн Сүсэгтний холбооны тэргүүн А.Жалбаажамцаас тодрууллаа.
-“Зулын 25” гэдэг энэ өдрийн утга учрын талаар тайлбарлаж өгөхгүй юу ?
Монголчууд эртнээс ”Зулын 25”-ыг буяны өдөр болгон тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай. Эрт дээр үеэс монголчууд байгаль дэлхийгээ судалж ирсэн ард түмэн юм. Үүний үндсэн дээр олон төрлийн ёс заншил тогтсон байдгийн нэг хэлбэр бол Богд ламын их дүйчэн өдөр. Хүн янз бүрийн нүгэл хилэнцийг үйлддэг. Хүний амьдралд олон төрлийн зорилго бүхий зүйлүүд байдаг. Энэ зорилгууд дотор хамгийн үнэ цэнэтэй зүйл бол бурханы шашинтай оронд амьдардаг хүмүүсийн нэгэн чухал нандин эрхэмлэх ёстой зүйл бол зул сарын 25-н юм. Зарим иргэд энэ өдөр шашны зан үйл гүйцэтгэх хэлбэрээр ойлгодог. Өөрөөр хэлбэл бие, хэл, сэтгэлээсээ биш ангид гадна үйлддэг гэсэн үг. Бидний амар тайван амьдрах сэтгэл санаа үргэлж эерэг зүйлийг хүчтэй зүйлээр цэнэглэгдэж байх нь үйлс үргэлж ариун байх, үргэлж тунгалаг байх тул бидний хийсэн сайн үйл бодсон сайн бодол хэлсэн сайн үгийн хүчээр амьдрах учиртай. Иймээс энэ өдөр хийсэн буян дараа, дараагийн жилийнхээ ажил үйлс зам мөрийг ариусгаж байдаг гэж ойлгож болно.
- Сүсэгтэн олон энэ өдөр юуг эрхэмлэх вэ ? Энэ өдрийг яаж тэмдэглэх вэ ?
Энэ өдөр та өмнө нь байгаагүйгээр сэтгэл зүрхнээсээ сайхан сэтгэлийг маш хүчтэйгээр төрүүлэх хэрэгтэй. Өмнө нь маш олон хэлдэг байсан муу үг, муу үйлдлүүдийг үзүүлж хийхгүй байж, нэг өдөр тэвчиж эрхэмлэж маргааш өдөртөө шилжих нь чухал. Мөн махан хоол идэхгүй цагаан хоолыг идэх хэрэгтэй бөгөөд үдээс хойш буюу 14 цагаас хойш биед тэжээл болох зүйл хэрэглэхгүй шингэн бодис буюу хярам бор цай эсвэл усыг хэрэглэдэг байсан гэж настай хүмүүс ярьдаг байсан бөгөөд ном сударт ч өгүүлсэн бичсэн байдаг. Иймээс сүсэгтэн олон маань энэ өдөр өмнө нь байгаагүйгээр оюун бодол сэтгэл санаагаа тунгалаг байлгаж бие, хэл, сэтгэлээ ариусган буян үйлдэх нь чухал юм.
- Бие, хэл, сэтгэлээ ариусган буян хураах өдөр гэж ойлгож болох уу ?
Тиймээ. Энэ өдөр буян хураадаг өдөр юм. Бодсон бодол үйлдлүүдээ хүчлүүлэх, чадалжуулахын тухайд тухайн орон нутагт байгаа хүрээ сүм хийдүүдийн хурал номонд очиж залбирч сүм хийдүүдэд эгшиглэж байгаа номын дуу хурлын жүнцэг зэргийг хоосон чанарын агаарт оруулж дэлхий ертөнцөд байгаа муу бүгдийг ариусах болтугай гэж даган баясах хэрэгтэй юм. Өвлийн тэргүүн сарын шинийн 25-ны өдрийг ''Зулын 25" буюу "Богд ламын дүйчэн" өдөр хэмээн олон зуун жил тэмдэглэж бурхны шашны орон хийдүүд мянган тахилын зул хүж өргөж, их ерөөл хурдаг уламжлалтай. Айл бүхэн зул асаан их буян үйлдэж энэ өдөр мацаг барьж, цагаан хоол идэж арван хар нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган маани, мэгзэм уншин, гэртээ болон гадаа зул өргөж буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маа¬ни, мэгзэм түм болон арвижиж, их буян хураадаг байна. Таны энэ өдөр хураасан буян энэ жилдээ төдийгүй ирэх он жилүүдэд сайн сайхан өвчин зовлонгүй эрүүл энх байх, оюун саруул, сайн найз нөхөдтэй нөхөрлөх олон зүйлүүдийг хийж бүтээхэд тустай. Бид бие, хэл, сэтгэлийн сайн зүйлүүд хийснээр биднийг тойрон хүрээлж буй хүмүүст сайнаар нөлөөлөх учиртай тул энэ өдөр өмнө нь байгаагүйгээр сэтгэл зүрхнээсээ сайхан сэтгэлийг маш хүчтэйгээр төрүүлэх хэрэгтэй гэдгийг дахин хэлье.
- Баярлалаа Таны буян номын их ажилд тань амжилт хүсье.
Баярлалаа. Хөвсгөл аймгийн Сүсэгтний холбоо цаашид хоймор нутгийнхаа зон олны төлөө олон сайн сайхан зүйлийг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ тухай дараа дэлгэрэнгүй мэдээлэх болно.
Б.Гантуяа
Хөвсгөл аймгийн Сүсэгтний холбооны тэргүүн А.Жалбаажамц “Энэ өдөр өмнө нь байгаагүйгээр сэтгэл зүрхнээсээ сайхан сэтгэлийг маш хүчтэйгээр төрүүлэх хэрэгтэй” гэв |
|
Сэтгэгдэл бичих