БУЙДЫН ДАЙДАД ЧИМЭЭГҮЙ ОРШДОГ НУУГДСАН СУВД МЭТ УРАН БҮТЭЭЛЧ
2022-05-17 17:48:14, 831

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргаар 10 жил ажиллаж, олон ястны өлгий нутгийн урлаг соёлыг улсын хэмжээнд нэр төртэй өргөж явсан МУ-ын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Намнансүрэнгийн Сэржмятавтай ярилцлаа. 

Тэрээр театрын уран бүтээлчдийн хамт Монгол Улсын Төрийн соёрхолт бүжигчин, найруулагч С.Сүхбаатарын найруулгаар “Этүгэн тэнгэрийн дуулал” концертыг Хөвсгөл, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотууд төдийгүй Европын холбооны улсуудад амжилттай тоглуулж, Монгол түмний дээд эмэг Алунгоо хатны эв эеийн сургаалаас сэдэвлэсэн “Тэнгэр язгуур” түүхэн дуулалт киног бүтээхэд онцгой үүрэг гүйцэтгэн, гол дүрийг бүтээж байв.

Мэргэжлийн дуучны чансааг сорих уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож Итали дуу дуулаачдын улсын уралдааны тэргүүн байр, Төрийн хошой шагналт Билгийн Дамдинсүрэнгийн нэрэмжит “Учиртай гурван толгой” улсын 4-р уралдааны тэргүүн байр, “20-р зууны 25 дууг хэн сайн дуулах вэ?” улсын уралдааны тэргүүн байр, “Морин хуур-2008” наадмын Зохиолын дууны төрөлд “Шилдэг дуучин”-ны шагналыг хүртэж, 50 гаруй уран бүтээлээ дүрсжүүлэн, гурван цомог хэвлүүлж сонсогч түмэндээ барьж байсан цараатай уран бүтээлч.

Түүнийг нэгэн цагт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагналтСГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч. Б.Лхагвасүрэн гуай “Буйдын дайдад чимээгүй оршдог нуугдсан сувд мэт уран бүтээлч” хэмээн тодорхойлсон байдаг.

Тэрээр сүүлийн жилүүдэд БНСУ-д суралцаж, ажиллаж байна. Энэ удаа тус улсын нэр хүндтэй уран бүтээлчдийг урьж, хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэх, Улаанбаатар хотод бие даасан дөрөв дэх тоглолтоо үзэгч түмэндээ хүргэхээр зорин иржээ.

  -Сайн явж ирэв үү та. “Тэнгэр тамгатай аялгуу” концертын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар таныг ярилцлагад урилаа.

-Сайн байцгаана уу. Сайн явж ирлээ. Хэсэг хугацаанд эх орноосоо хол сурч, ажиллахын зэрэгцээ мэргэжлийн дуучны ур чадвараа хөгжүүлэх, дасгал сургуулилтаа тогтмол хийсээр байлаа. Энэ удаа Улаанбаатар хотод дөрөв дэх тоглолтоо хийхээр зорьж ирээд байна.

-Хоймор нутгийн ард олон таныг мэргэжлийн томоохон бүтээлүүдээр өөрийн авьяас чадлыг тамгалсан уран бүтээлч гэдгийг мэднэ. Солонгос улсад суралцсан хугацааныхаа сонин сайхнаас хуваалцана уу?

-2018 оноос БНСУ-ын Тэжон хотын Пай Жэй их сургуульд суралцан мастер хамгааллаа. Эхний жил хэлний бэлтгэлд, дараа жилүүдэд нь магистрийн сургалтад хамрагдсан. Энэ хугацаанд зөвхөн хичээлээ хийгээд явсангүй. Уран бүтээлч хүний хувьд сурч, ажиллахын зэрэгцээ өдөр бүр 2-3 цаг гаргаж, дуу бэлтгэлийн газарт хоолойн дасгал хийж байлаа. “Усыг нь уувал, ёсыг нь дагах” заншлаараа Солонгос дууг богино хугацаанд зөв дуулж сурахыг хичээсэн. Үр дүнд нь тус улсын мэргэжлийн дуучидтай хамтран ажиллаж, аливаа арга хэмжээ, тоглолтуудад оролцоод явж байна. Тухайлбал бид сарын өмнө Чонжү хотод сонгодог концерт тоглоод ирлээ. Мөн эх орондоо, тэр дундаа удаан уулзаагүй үзэгч сонсогчдодоо дахин тайлангаа тавихаар бэлдэж байна. Буцаж очоод Тэжон хотод “Тэнгэр тамгатай аялгуу” концертоо тоглохоор төлөвлөсөн. Бүр цаашлаад БНСУ-ын бусад хотуудаар тоглож, мөн Сөүлийн ордонд тоглох төлөвлөгөөтэй ажиллаж байна даа.

-БНСУ-аас нэлээд өндөр зиндааны уран бүтээлчид уригдан ирэх юм байна. Тэдний талаар танилцуулж, хамтын ажиллагаа хэрхэн эхэлсэн түүхээсээ хуваалцвал?

 

 

 -Урилгаар хоёр эрхэм уран бүтээлч ирнэ. Ким Хан Дог мэргэжлийн бүжигчин, бүжгийн урлагийн салбарт нэлээд өндөр байр суурь эзэлдэг энэ хүн уран бүтээлээ хийхийн  зэрэгцээ Азийн бүжгийн холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг. Энэ хүнтэй танилцсан түүх нэлээд эртнээс улбаатай. Манай Хөвсгөл аймаг, Тэжон хотын Со дүүргийн хамтын ажиллагаа 2011 оноос эхэлсэн. Жил бүрийн 5-р сард зохион байгуулагддаг Азийн урлагийн фестивальд урилгаар очиж дуулдаг байсан маань урлаг соёлынхны хүрээнд танигдаж, Солонгос улсад магистрийн сургалтад суралцах эрхийг тус дүүргээс өгсөн түүхтэй. Түүнээс хойш мөн л олон арга хэмжээнд оролцож, Солонгос дуу дуулахаас гадна аль ч улсын ямар ч үндэстэн ойлгох дуурь, ари романсыг итали хэлээр дуулдаг байлаа. Сүүлд Солонгос хэлээ сайн сурч, Солонгос ардын дуу дуулдаг болсон. Энэ үеэс Ким Хан Дог гэж найруулагч, продюсер, бүжгийн урлагийн томоохон төлөөлөгч энэ хүнтэй танилцан, хамтарч ажиллах, Монгол Солонгос уран бүтээлчид нэгдэн тоглолт хийх саналыг тавьж, одоо ажил хэрэг болоод явж байна.

Дараагийн уран бүтээлч маань ардын дуучин Ким Ми На. Солонгост ардын дууг ПАНСУРИ гэж нэрлэдэг. Манай Монголчууд морин хуур хөгжимтэй ардын дуугаа дуулдгийн адил Солонгос ардын дуучид ганц бөмбөрчинтэй хоршин дуулдаг. Ким Ми На дуучин мөн л Солонгос улсад нэлээд алдартай уран бүтээлч юм. 60 гаруй сая хүн амтай улсад “Ерөнхийлөгчийн шагналт” дуучин болно гэдэг тухайн хүний чансааг тодорхойлно. Мөн тэрээр Солонгос улсад нэгдүгээрт эрэмбэлэгддэг Ан Суг Сон хэмээх алдарт ардын дуучны шавь бөгөөд Нам вон хотод байх түүний цогцолбор сургуулийн тэргүүн багш, Пансури дууг Солонгос төдийгүй дэлхий даяар сурталчлан таниулах үйл хэргийг нэр төртэй гүйцэтгэж буй Солонгосын Ардын дууны холбооны тэргүүн, Ази тивийг хамарсан холбооны гишүүн хүн юм.

-Та Солонгос ардын дуу дуулах ур ухаанд энэ хүнээс суралцсан уу?

-Тийм ээ. Зарим гаднын дуучид Солонгос үндэсний дууг дуулж сурахад 10-20 жил зарцуулсан нь ч бий гэдэг. Мөн Солонгос дуучид ч ардын дуундаа мэргэшихэд амаргүй гэлцдэг юм билээ. Харин энэ дуучин  миний дуулахыг анх сонсоод “Солонгос ардын дуу дуулж сурахыг хүсвэл би зааж өгч болно” гэж хэлсэн. Одоо багш шавь хоёр нэг тайзнаа гарна даа.

-Солонгосын үндэсний дууны онцлог нь юу вэ?

-Монгол үндэстэнд уртын дуу ямар эрхэм, яруу тансаг билээ. Яг түүний нэгэн адил Солонгос хүмүүст ч бас Пансури нь яг л тэр түвшинд үнэлэгддэг. Цохилго, нугалаа нь гадаад хүн сурч өөриймшүүлэхэд амаргүй ээ. Гадаад хүн бүү хэл Солонгосчууд өөрсдөө сурахад явдалтай гэлцэх юм билээ.   

-БНСУ-ын соёл урлаг улсынхаа хөгжил, нэр хүндэд томоохон үүрэг гүйцэтгэж байна. Хоёр улсын урлагийн байгууллагын ялгаа ямар байна?

-Солонгос улсын нэг давуу тал нь урлаг, уран сайхан нь даяарчлагдсан, зах зээл нь маш өндөр хөгжсөн. Харин манай улсад хэн нэгэн уран бүтээлч аль нэг байгууллагад харьяалагдаж ажиллавал гадагшаа өөр байгууллага, уран бүтээлчидтэй нэгдэж, хамтран ажиллах боломж хязгаарлагдмал юм шиг санагддаг. Солонгос уран бүтээлч төрийн, урлагийн байгууллагад ажилласан ч хувийн энтертаймент байгуулах, өөр газруудад хамтын ажиллагаа үүсгэх эрх нь нээлттэй учраас соёл урлаг нь маш их өрсөлдөөнтэй, тэр хэмжээгээрээ хөгжил нь зэрэгцээд хурдтай өсөж дэвшиж байна. Өөрөөр хэлбэл өрсөлдөөн дундаас хөгжил явагдаж байна. Тиймээс урлагийнхныг, уран бүтээлчдийг нийгмийн давхаргын хувьд маш өндөр зиндаанд авч үздэг. 

            -Эдгээр зочид таны тоглолтод оролцсоноор ямар олзтой буцаасай гэж та хүсэж  байна вэ. Солонгосын Элчин сайдын яам дэмжин ажиллахаа илэрхийлсэн байсан...

   -Мэдээж хэрэг эх орноос нь урлаг соёлын нэр хүндтэй төлөөлөгчид ирэх тухай мэдээллийг бид өгсөн. Зочдыг хүлээн авч уулзах, тоглолтын үйл ажиллагаанд  хэрхэн, ямар байдлаар оролцох тухайд анхаарал тавьж байна гэсэн. Мөн Улаанбаатар хотод амьдарч буй Солонгос иргэд сонирхож, асууж сураглаж байна. Тиймээс энэ тоглолт Н.Сэржмятав гэдэг хүний тоглолт боловч Монгол Солонгосын соёлын харилцаанд тодорхой үүрэг гүйцэтгэх үйл хэрэг учраас зохион байгуулалт, ур чадварын хувьд бэлтгэлээ сайтар базааж байна.

-Тус улсаас нэр алдартай зочдыг урьсан учраас тоглолтод оролцох бусад уран бүтээлчдээ нэлээд бодож сонгогдсон байх?

-Тэгэлгүй яахав. Монгол талаас дэлхийд ганц оркестер “Морин хуурын чуулга”, Алтай хамтлагаа урилаа. Ерөнхий найруулагчаар Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар багш маань ажиллаж байна. Монгол Улсын Гавъяат жүжигчин Б.Мөнхбаатар, МУГЖ С.Ганзориг, МУГЖ Б.Батбаатар, МУСТА Ё.Батмөнх нарыгаа урьлаа. Мөн тайзны зураачаар манай Хоймор нутгийн дархад зоны авьяаслаг хүү СТА зураач Далай ажиллах бол, “My voice” шоуны тэргүүн байрын шагналт Г.Тэмүүжин тэргүүтэй залуу дуучин Д.Амартүвшин, У.Мөнх-Ундрах, Б.Бат-Өлзий зэрэг уран бүтээлээ өөр өөрийн өнгөөр маш чамбай, уртайгаар олонд хүргэж буй залуу уран бүтээлчдээ урьсан. Миний тухайд “Газрын цэнхэр нүдэн”, “Эрхлэхийн заяатай хорвоо”, “Мөрөн хот”, МУ-ын Төрийн хошой шагналт, АЖ, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров багшийн зохиож өгсөн “Богд Чингисийн өндөр эжий” гэж Алунгоо хатны тухай дууг Морин хуурын чуулгатай дуулна. УГЗ Б.Бямбабаяр багшийн маань “Аминаас үнэтэй эх орон” гэх зэрэг ард олныхоо сэтгэлд хоногшсон сайхан дуунуудаасаа дуулна. Мөн гурван Солонгос дуу дуулах юм. Ингээд Монгол, Солонгос уран бүтээлчид хамтдаа нэгэн оройг дуу хуур, эгшиг аялгуугаар сүлэн тоглох “Тэнгэр тамгатай аялгуу” концертод маань саатан морилохыг урьж байна.

Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч, редактор Ю.Шүрэнцэцэг.

 

 


БУЙДЫН ДАЙДАД ЧИМЭЭГҮЙ ОРШДОГ НУУГДСАН СУВД МЭТ УРАН БҮТЭЭЛЧ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-19 09:26:50
    ??????: дуучин маань гавьяат болох болтугай Хөвсгөлчүүд давалгаалцгааяа яг зөв
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-19 09:26:48
    ??????: дуучин маань гавьяат болох болтугай Хөвсгөлчүүд давалгаалцгааяа яг зөв
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-19 09:25:49
    Зочин: Сайхан дуучин маань гавьяат болох болтугай Хөвсгөлчүүд давалгаалцгааяа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-19 09:25:49
    Зочин: Сайхан дуучин маань гавьяат болох болтугай Хөвсгөлчүүд давалгаалцгааяа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-19 09:24:50
    Зочин: Сайхан дуучин маань гавьяат болох болтугай Хөвсгөлчүүд давалгаалцгааяа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-19 09:23:05
    Зочин: Дургүй бол дуугүй л орхичооч хүмүүсээ битгий ингэж нийтийн сүлжээгээр нэгнийгээ ингэж байгаач Хөвсгөлчүүдээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-19 09:21:30
    Зочин: Энэ сайхан дуучиндаа уран бүтээлийн өндөр амжилт ь хүсий .гавьяат болоорой.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-18 11:45:48
    ?????? ????: Цэрэнжавын нууц амраг биздээ,,
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-17 22:43:24
    Зочин: Uneheer mundag chadaltai duuchindaa,amjilt husie duu