Орчин цагийн боловсролын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн ахмад багш Г.Цэдэндамба Монгол Улсын гавьяат багш цол хүртсэн.
Тэрбээр 1978 оноос хойш өнөөдрийг хүртэл монгол хэл, бичгээ үр хойч үедээ өвлүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, Монгол хэл, бичгийн аймаг, улсын олимпиад, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд тасралтгүй 25 жил өөрөө болон шавь нараа бэлтгэн оролцож, тогтмол амжилт гаргаж ирсэн юм. Эх хэлээ түгээн дэлгэрүүлэх их үйлсэд зүтгэж, эрдмийн охийг түгээсээр яваа түүнтэй уулзаж цөөн хором ярилцлаа.
-Танд Монгол Улсын гавьяат багш цол хүртсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Эх хэлээ дээдлэн хайрлаж, шамдан суралцдаг та бүхнийхээ сайхан сэтгэлийн буянаар өнөөдөр төр засгийнхаа хайр ивээлийг хүртлээ. Маш их баяртай байна.
-Таныг монгол бичгийн багшаар ажилласан төдийгүй Боловсролын яаманд төрөлх хэлний сургалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан гэж сонссон.
- Тийм ээ. Би 1978 оноос хойш 40 гаруй жил боловсролын байгууллагад ажиллаж байна. Энэ сайхан мэргэжлийг эзэмшээд Ерөнхий боловсролын дунд сургуулиудад мэргэжлийн дагуу хичээл зааж байсан. 1990 онд Шинжлэх ухаан боловсролын яаманд шалгалт өгч төрөлх хэлний сургалт хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон. Энэ үед яамны дэргэд монгол бичгийн сургалт зохион байгуулалтын арга зүйн төв гэж байгуулж, энэ төвийг өөрийн саналаар сонгон ажилласан. Энэ төвд сурах бичиг, гарын авлага боловсруулах, багш нараа бэлтгэх зэрэг олон ажлыг төлөвлөн хийж байсан.
Тэр үед Уртнасан сайдын 36-р тушаалаар Монгол Улсын хэмжээнд монгол бичгийг 1-р ангиас нь заах шийдвэр гарч манай хамт олон гардан зохион байгуулж байлаа. Бид Чоймоо багшийн удирдлага дор толь бичиг, сурах бичиг, заах арга зүй гэсэн таван номыг Тайвань улсад хэвлүүлж, Эрээн хотоос тэр үеийн Газ-53 машинаар татаж авч улсын хэмжээнд тарааж байлаа. Мөн 1-р ангиас монгол бичиг сурах бэлтгэлийг хангаж, монгол бичгийн цагаан толгойн номыг Япон улсад хэвлүүлж байсан. Бид ингэж эх хэлнийхээ төлөө сэтгэл нэгдэн ажилласны үр дүнд монгол бичгийн хичээлийн баттай үндэс суурь тавигдсан гэж үзэж байна. Монгол бичгийг сэргээн мандуулах гэсэн, үр хойч үедээ өвлүүлэх чин хүсэл зорилготой олон эрхэм хүмүүсийн хүсэл мөрөөдөл биелж, монгол бичиг бүх нийтийн хэрэглээ, төрийн бичиг болох гэж буйд үнэхээр их бахархаж сууна.
- Монгол бичгийг сурахад хамгийн гол анхаарах зүйл юу вэ?
-Монгол бичиг бол маш амархан. Системийг нь л ойлгох хэрэгтэй. Ердөө долоон зурлагаас л бүрдэж байгаа юм шүү дээ. Монгол бичиг өөрөө “Гайхамшгийн цогц” юм болов уу гэж боддог. Учир нь энэ сайхан бичиг үсгийг эзэмшсэн хүүхдүүд ой тогтоолт, багаар ажиллах, сэтгэн бодох, төвлөрөн суух чадвар, бүтээлч сэтгэхүй сайтай, мөн хичээл сурлагадаа ахицтай болдог. Мөн хүүхдүүд монгол бичгийг сураад зогсохгүй монгол үгийн олон утга, ёс заншил, уламжлалт монгол ухаанаас мэдэж суралцаж байгаа явдал бол монгол бичиг өөрөө хүний оюун сорьдог ухаарлын бичиг юм гэдгийг харуулж байгаа юм.
- Та аймгийнхаа эх хэл бичгийн сургалтыг өнөөдөр ямар түвшинд байна гэж боддог вэ?
- Манай аймгийн монгол хэл бичгийн хамт олон багаараа олон амжилтыг гаргаж байна. Аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын хамт олны ажлын амжилт, мэргэжлийн багш нарын ур чадвар, сургалт сайн байгаагийн нэг үзүүлэлт гэж хэлмээр байна. Хөвсгөлийнхөн бол эх хэлний мэдлэгээрээ улсад дээгүүр орно гэж би бардам хэлнэ. Бахархаж явдаг шүү хамт олноороо.
-Та бол эх хэл бичгийн хүн, хөдөлмөрийн баатар гавьяат багш Т.Дашцэдэн багшийн гарын шавь. Багшийнхаа сургаал, чин сэтгэлийн захиа даалгаврын тухай дурсаач?
-Манай багш бол маш даруухан хүн байсан. Би ажлын шаардлагаар, ар гэрийн шалтгаанаар Шинжлэх ухаан боловсролын яаманд ажиллаж байгаад 1993 оны сүүлээр нутагтаа ирсэн. Энэ үед миний багш өөрийн бичсэн 5 боть номон дээрээ гарын үсгээ зурж Цэдэндамбаадаа дурсгав гэж бичээд “За миний хүү нутагтаа очоод монгол бичгийнхээ төлөө энд хамтран ажиллаж зүтгэж байсан шигээ сайн ажиллаарай. Чи өөрөө удирдан зохион байгуулаад эх хэлээ түгээн дэлгэрүүлнэ шүү, яваандаа бид үндэсний бичгээ сэргээн хэрэглэх ажлыг үргэлжлүүлж хийх болно” гэдгийг хэлж байсан. Би өнөөдөр багшийнхаа захиасыг тодорхой хэмжээнд биелүүлж яваа гээд баярлаж суудаг. Миний багш бол монгол бичгийг төрийн бичиг болгохын төлөө монгол үндэстний даяаршлын эрин зуунд бусад үндэстнээс ялгарах гол онцлог дархлаа бол монгол бичиг гэдгийг ойлгож, үүний төлөө хамаг ухамсарт амьдралаа зориулан хөдөлмөрлөж, гарын авлага, толь бичиг, бүх зүйлийг зохиосон хүн дээ.
- Та ч гэсэн олон сайхан шавьтай ахмад багш хүн. Шилдэг шавь нараасаа дурдвал ?
-Тийм ээ багш хүн бол шавиараа л бахархдаг. Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Мөрөн сум, Тариалан, Галт, Ханх, Сод-Эрдэм гээд олон газар миний шавь нар ажиллаж байна. Олон сайхан шавиараа бахархаж тэднийхээ амжилтаас урам авах юм даа. Нэрийг дурдвал дуусашгүй арвин. Миний мэргэжлийг 100 гаруй шавь минь өвлөсөн юм шүү дээ.
- Өнөөдөр ч гэсэн монгол бичгийн хичээл заалгах гэж хүүхдүүд ирсэн байна. Хэр олон шавийг бэлтгэж байна?
-Би 2009 онд тэтгэвэртээ гарсан. Гэсэн хэдий ч монгол бичгээ заасаар байна. Жилд арав гаруй хүүхдийг бэлтгэдэг. Ер нь хүн мэргэжлээ маш сайн эзэмшээд насан туршдаа гоёж явдаг юм. Би мэргэжлээрээ насаараа гоёж яваа хүн.
-"Хүмүүн бичиг" сонины нийт уншигчдад хандаж ахмад багшийн хувьд юу гэж зөвлөмөөр байна?
-Хүн бүр өөр өөр мэргэжилтэй байдаг. Гэхдээ эх хэлээ мэддэг байх ёстой. Монгол бичгийг төвөгшөөхгүй системийг нь ойлгоод авчихвал сурахад маш амархан. Бидний тархи толгойд монгол бичгийн дархлаа, дардас бэлэн байгаа учраас монгол хэл, өв соёл, уламжлалаа дээдлэн сурах нь монгол хүн бүрийн үүрэг тул эх хэл бичгээрээ гоёж, үеийн үед бахархаж явцгаая гэж уриалмаар байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Гантуяа
МУГБ Г.Цэдэндамба : Сурсан мэргэжлээрээ өөрийгөө гоёж амьдар |
Сэтгэгдэл бичих