Б.Алимаа :“Үндэсний бичгийн цагаан толгойн баяр”-ыг тэмдэглэдэг болоосой гэж мөрөөддөг
2021-04-21 16:31:44, 1977

 

 "Монголын сайхан бичигтэн-2020" улсын 24-р уралдаанд хоймор нутгийн багш, сурагчид 6 ангилалд амжилттай оролцож, улсад тэргүүлсэн. Энэ удаа Мэргэжлийн багш нарын ангилалд Тэргүүн байр эзэлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод эрдэм” ЕБС-ийн Монгол хэл, бичгийн багш Батсуурийн Алимаатай ярилцлаа. Тэрбээр тус уралдаанд 13 дахь жилдээ оролцож энэ удаагийнхад түрүүлсэн бөгөөд “Монгол соёлын алтан ганжир, монгол бичиг минь зүг бүрт түгэн дэлгэрч, ач ивээлээ хайрлах болтугай” гэдгийг онцолж байлаа. 

 

    -Мэргэжлийн багш нарын ангилалд түрүүлсэнд баяр хүргэе. Энэ уралдаан бол маш олон хүн оролцдог чансаа өндөр уралдаан. Хэд дэх жилдээ оролцож түрүүлэв?          

    -Баярлалаа. Би дунд сургуулийн 8-р ангийн сурагч байхаасаа эхлээд 13 жил оролцож байна. Их сургуулийн эхний 3 жилд оролцоогүй юм байна. Энэ хугацаанд 10-р ангийн сурагч байхдаа түрүүлж, МУИС-д Засгийн газрын 70 хувийн тэтгэлгээр элсэн суралцах эрхийг хүртэж, багш мэргэжлээ эзэмшсэн. Мөн 2018 онд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн нэрэмжит ээлтэй шагналын эзэн болж байсан, 2019 онд мөн мэргэжлийн багш нарын ангилалд гутгаар байрт орж байсан. 2020 онд түрүүллээ.  

   -Энэ уралдаанд сүүлийн жилүүдэд Хөвсгөл аймгаас маш олон багш, сурагч оролцож, хамгийн их амжилтыг үзүүлж байна. Уралдаанд яаж бэлтгэдэг вэ? Таны өөрийн онцлог, арга туршлагаас хуваалцвал?

    -Аливаа уралдаан тэмцээнд оролцоно гэдэг миний хувьд соёл гэж боддог. Тэр дундаа “Монголын сайхан бичигтэн” уралдаан бол маш их туршлага хуримтлуулдаг, өгөөжтэй, далайцтай, шинийг эрэлхийлэгч болгодог.  Тиймдээ ч энэ уралдаанд өөрийгөө, шавь нараа оролцуулахгүй үлдвэл их зүйлээс хоцорчих гээд байгаа юм шиг санагддаг. Энэ уралдаанд оролцож түрүүлж байсан мэргэжлийн багш нарын чадвар үнэхээр гайхалтай, тус бүрийн онцлогтой, миний хувьд үзгээр, хичээнгүй, үсгийн махбодын яг зөв тигээр сайхан бичихийг эрхэмлэдэг, мөн бичвэртээ найруулгын болон зөв бичих дүрмийн алдаа гаргахгүйг чухалчилдаг.  

-Аливаа уралдаан тэмцээнд хамгийн сайн бэлтгэсэн нь л үр дүн гаргадаг. Гэтэл хүүхдүүдийг ангиар нь монгол бичигт дурлуулж, сургаж нэг ижил түвшинд хүргэнэ гэдэг амаргүй шүү дээ?

    -Тийм шүү, амаргүй. Гэхдээ багш хүний эрхэмлэх зүйл бол өөрийн мэддэг, чаддагаа  хүүхдэд өгч, сайн шавьтай байх бөгөөд тийм л амаргүй ажлыг би сонгосон,  Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн онцлогтой, гэвч багш өөрийн зааж сургах арга барилдаа тэр олон ертөнцийг ижил талаар нь нэгтгэн нийцүүлэх, өөрөөр хэлбэл ангийн 30 сурагчийн сэтгэл багшийнхаа бүгдийг нь ижилхэн түвшинд сургах гэсэн нэгэн сэтгэлийг мэдэрсэн, ийм л сурах, сургах гэсэн үйлийн барилдлага төгс бүрдсэн цагт ямар ч чадвар, дадал, мэдлэг аяндаа бий болно л гэж боддог. Монгол бичиг бол өөрөө тэр чигээрээ гайхамшиг, тэр гайхамшигтай талыг нь мэдрүүлж чадвал хүүхдүүд бас л өөрсдөө дурлаад ирдэг. Гэхдээ л хүүхэд бүрийн аливааг сонирхох, сурах арга барил өөр өөр шүү дээ, уулын мод урттай богинотой, хүний явдал сайнтай муутай гэдгийг ухаарч, хүүхдүүдээ мэдэрч хичээл заана, шимтүүлнэ гэдэг бол үнэхээр амаргүй.  

    -Сүүлийн үед хүүхэд бүр цахим хэрэглээг илүү сонирхдог болсон. Гэвч өв соёл болсон эх хэлээ үүнээс дээгүүр тавьж сурч, сургаж байгаа багш таны нууцаас хуваалцвал?

    -Цахим хэрэглүүрээс дээгүүр тавигдах зүйл ч тун ховор болсон цаг үед бид амьдраад дадал болчихлоо. Хэдэн жилийн өмнөхийг бодвол үндэсний бичгээ сурах зайлшгүй хэрэгцээ байгааг хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчид хүртэл ухаараад, сурах гэж мэрийдэг болсон, ийм байхад хүүхдүүд минь хүртэл уншихгүй, бодохгүй байхын аргагүй нөхцөл байдлыг мэдэрдэг болсон гэж ойлгодог. Бараг 2 жил цахим хэрэгслээр дамжуулан хүүхдүүдтэйгээ ажиллаж байна, аль болох л онол дүрэмд баригдалгүй, сонирхолтой байдлаар уншуулж, бичүүлэх гэж төрөл бүрийн аргыг л хэрэглэж байна даа.

                 -Таныг "Титэм" сургуулийн ахмад багш Д. Доржпагма багшийн шавь гэж сонссон?

 -Тийм ээ. Миний багш бол Ардын боловсролын тэргүүний ажилтан, Алтан гадас одонт, "Титэм" сургуулийн ахмад багш Д. Доржпагма гэж улс, аймагтай алдар нэртэй, монгол бичиг, соёлынхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн ачтай хүн бий. Багш минь намайг монгол бичигт элэгтэй, онол, арга зүйн зэгсэн суурь мэдлэгтэй болгож, амьдралд хөтөлсөн дөө. Миний бахархал, үлгэр дуурайл минь.

 

-Та монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаад хэдэн жил болж байна?

-2009 оноос хойш тасралтгүй 12 жил ажиллаж байна. Энэ хугацаанд хуримтлуулсан туршлага нимгэн, сурч судлах, хийж бүтээх зүйл их байгаа. 

            - Багшаар ажиллах хугацаанд  өөрөө болон таны шавь нар ямар амжилт гаргаж байв?

           -Би монгол хэл, монгол бичиг, уран зохиол гэсэн 3 хичээл заадаг, энэ ч утгаараа 3 чиглэлээр оролцох уралдаан тэмцээн, шавь нарын сонирхол ч бас мөн л энэ 3 чиглэлээр салаад явчихдаг. Шүлэг яруу найргийн болон үндэсний бичгийн дугуйланг өөрийн сонирхлоор удирдан чиглүүлж ажилласаар өдий хүрсэн. Шавь нар маань улс, аймаг, бүс, сургуулийн хэмжээнд нэлээд амжилт үзүүлсэн. Үндэсний бичгийн “Бичиг-Эрдэм” дугуйлангийн 10 сурагч 2019 онд “Мөнх тэнгэрийн бичиг” уралдаанд оролцоод “Дэд” байрт шалгарч байсан нь хамгийн том амжилт юм. Миний хувьд мэргэжлийн олимпиадад аймагтаа жил бүр л нэгээс гуравдугаарт байрт ордог, ур чадварын уралдаан, илтгэлийн уралдаан зэрэгт сургуульдаа бас 2,3-р байрт орж байсан, хүсэл мөрөөдөл болсон хамгийн сайхан нь “Монголын сайхан бичигтэн уралдаан”-ы шагналууд байдаг.

 -Сүүлийн үед хөл хориотой байгаа ч  Хөвсгөл аймгийн монгол хэлний багш нар маш их завгүй ажиллаж байгаа гэсэн. Энэ тал дээр тодруулбал ?

 -Тийм ээ, бид 2 жилийн турш их зүйл судалсан, хөгжсөн. Энэ нь эргээд бидний шавь нартаа оруулах хөрөнгө оруулалт гэж бодож, бүхий л чиглэлийн ажилд нь чин сэтгэлээсээ оролцдог. Сурч, судалснаараа хоорондоо уралдаж, тэр бүрд  л чамгүй амжилт гаргадаг. Бид самбарт цэвэр сайхан бичих энгийн үйлээс эхлээд ээлжит хичээлээ чанартай сайн төлөвлөдөг, бүр цаашлаад наад захын хууль эрх зүйн мэдлэгтэй байх хэмжээний байх ёстой гэсэн шаардлагаар бүхий л талаар хөгжүүлэхийг зорьдог БСУГ-ын Монгол хэлний арга зүйч О.Оюунтунгалагтаа баярлаж явдаг.  Бидний хөл хорионы үед хүүхдүүдийнхээ даалгавар, теле хичээлийг шалгахын тулд биш, өөрсдийгөө хөгжүүлж, өсөж байгааг улсын хэмжээнд үнэлж, зарим багш нарын маань арга зүй, туршлагыг хүртэл судалсан. Миний хувьд энэ цаг хугацаанд мөн өөрийн арга зүй туршлагаа аймгийнхаа 120 багшид, бүр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сургуулийн багш нарт хүртэл түгээгээд амжсан. Цахим сургалт гэдэг нэг талаар цаг хугацаа, орон зайг үл хамааран суралцаж, хөгжиж болох том боломжийг бидэнд олгосон.

-Удахгүй эх хэлний баяр болно. Энэ хүрээнд ямар онцлог ажлуудыг төлөвлөж байна?

-           -Миний хувьд сургуулийнхаа 14 багш ажилтанд үндэсний бичгээ заан сургаж, хөгжүүлэх ажлыг эхлүүлээд төгсөх шатандаа явж байгаа. Бид хамтраад нэг сайхан бүтээл хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Манай сургуулийн монгол хэлний багш нар тус бүртээ 13 багш, ажилтан хариуцан авч ажиллаж байгаа. Аймгийн хэмжээнд Эх хэлний баяр угтсан олон ажил төлөвлөснөөс миний хувьд хамгийн чухал нь “Сүегэр” уралдаанд сайн бүтээл хийж оролцоно гэсэн бодолтой байна.  

- Цаашдын зорилгоос хуваалцвал ?

-     -Шавь нарынхаа тухай элдэв бодолд дараастай явдаг хүн дээ би. Тэр бодлууд дунд минь “Монголын сайхан бичигтэн анги”-тай болох төлөвлөгөө ч байна, “Монголын сайхан бичигтэн сурагч”-тай болох хүсэл ч байна. 6-р ангийн сурагчдын дунд жил бүр “Үндэсний бичгийн цагаан толгойн баяр”-ыг тэмдэглэдэг болгочих юм сан зэрэг мөрөөдлүүд минь зорилго болон биеллээ олох байх аа.  Эцэст нь хэлэхэд “Монгол соёлын алтан ганжир, монгол бичиг минь зүг бүрт түгэн дэлгэрч, ач ивээлээ хайрлах болтугай” гэж ерөөе. 

Сэтгүүлч Б.Гантуяа 

 

 



Б.Алимаа :“Үндэсний бичгийн цагаан толгойн баяр”-ыг тэмдэглэдэг болоосой гэж мөрөөддөг