Б.Анхбаяр: Монгол бичиг бол туг сүлд, тусгаар тогтнолын алтан ганжир
2019-11-09 12:00:44, 2618
МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон явуулдаг “Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдааны Мэргэжлийн багш нарын ангилалд тэргүүн байр эзэлсэн, Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Б.Анхбаяртай ярилцлаа.
 
- Эх хэлээ хэзээнээс эрхэмлэн суралцаж эхлэв. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?
 
- 2007 онд төгсөх курстээ Дэлгэрмөрөн цогцолбор сургуульдаа дадлага хийж байхдаа багш мэргэжлийн сайхныг мэдэрч билээ. Тухайн үед дааж байсан ангийн сурагчид халаасанд маань талархлын захидлууд хийчихсэн байдаг байлаа. Нэгэн захиаг уншаад багш мэргэжлээр бахархан төв зам дагуу уйлаад л уншиж явлаа шүү дээ. Тэр цагаас монгол хэл уран зохиолын багш болохоор шийдэж байлаа. 2010 онд аймгийн Боловсрол урлагийн газраас зохиосон “Аж ахуйн нэгжийн нэрийг монгол бичгээр урлахуй” уралдаанд оролцож шилэн дээр шигтгээгээр бүтээл хийж амжилт гаргасан цагаас эхлэн эх хэлээ эрхэмлэн суралцаж эхэлсэн дээ.
 
- Өөрийн сонгосон мэргэжлээрээ бахархаж байсан үе?
 
-Олон бий. Багш мэргэжил хүнээс олон талын ур чадвар, сэтгэл, тэвчээр шаарддаг мэргэжил. Олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүн удаж байж гарна. Шавь болгоноо эх хэлээрээ сэтгэж, эзний ёсоор эзэмшсэн иргэн болгон төлөвшүүлэхийг зорин ажиллаж байна. Шавь нар минь амжилт гаргаад эцэг эхчүүд хүүхэд, сургуулиараа бахархаж байгааг харах хамгийн сайхан. Саяхны жишээ гэвэл ӨМӨЗО-д аялаад Шилийн хотын “Ажил мэргэжлийн дээд сургууль”-ийн багш удирдлагуудтай уулзаж байхад “Даасан ангийн маань сурагч Ө.Эрдэнэханд үндэсний бичгээ гаргууд сайн эзэмшсэн  байсан” гэх магтаалыг сонсоод өөрийн мэргэжлээрээ бахархаж байлаа. Багш бид чинь шавь амжилттай явахад өөрийн эрхгүй баярладаг хүмүүс шүү дээ. 
 
-“Монголын сайхан бичигтэн“ улсын уралдаанд шууд эхний жилдээ түрүүлсэн хүн байдаггүй гэдэг. Та хэдэн жил оролцож аварга болов, өмнө нь ямар ямар шагнал хүртэж байсан бэ?
 
- Тэгэлгүй яах вэ. Монгол туургатнаараа оролцдог тул Улсын уралдааны босго өндөр шүү. 2013 оноос шавь нараа бэлтгэж, өөрөө ч тасралтгүй оролцож ирсэн. ”Мэргэжлийин багш нарын ангилал”, "Уран бичвэрийн ангилал”-д оролцож дэд, гутгаар,тусгай  байр эзэлж байлаа. Оролцох бүртээ шинийг сурч мэдэн уйгагүй хөдөлмөрлөснөөр энэ жил “Аварга” болсон.
 
-Улсын уралдаанд түрүүлсэн тухай мэдээг хэрхэн сонсож, хүлээж авав, сэтгэл их хөдөлсөн байх?
 
-Сэтгэл их хөдөлсөн. Уралдааны дүн гарсан байна гэсэн энэхүү баярт мэдээг МОНЦАМЭ агентлагаас Б.Элбэгзаяа багш утсаар дуулгахад их баярласан. Шагналаа Х.Хүрэлсүх сайдаас гардах гээд зогсож байхдаа бэлгэшээж байсан. Ээж маань 22-нд төрсөн учраас би 22-ын тоонд их дуртай. Тиймээс амьдрал минь 22-ын тоотой их холбоотой. Энэ жил 22 дахь уралдаанд “Мэргэжлийн багшийн ангилал”-д “Аварга” болсон. Бүх зүйл өөр өөрийн цаг хугацаатай, хөдөлмөр хүнийг шагнадаг гэдгийг улам бүр батлах шиг сайхан байсан. ӨМӨЗО-д аялахад галт тэрэгний тасалбарын дугаар хүртэл 22 байсан. 
 
-Төгссөн сургууль, мэргэжлийн тухай товч танилцуулаач, солонгос хэлний давхар мэргэжилтэй гэж сонслоо?
 
-УБИС-ийг “Монгол-Солонгос хэл судлаач, Солонгос хэлний орчуулагч” мэргэжлээр төгссөн. “Төгсөөд Солонгос хэлний орчуулагч болно” гэж боддог байлаа. Багш болоод удаагүй байхад солонгос компанид орчуулагчаар ажиллах санал тавьж байсан.  Тэр үед эх хэлээ сонгосон. Энэхүү сонголтдоо харамсаж байгаагүй ээ. Хүн гадаад хэл сурахаараа эх хэлнийхээ үнэ цэн, яруу тансагийг улам ихээр мэдэрч хайрладаг юм билээ.
 
-Монгол бичгийн багш болох суурийг тавьсан багш тань хэн бэ? Уран бичлэгийн урлагийг хэрхэн сурч эзэмшиж байна, бие дааж сурсан уу?  Эсвэл...
 
-Улаанбаатарын их сургуулийн доктор (Ph.D), профессор Ц.Эрдэнэбат багш маань ангийн багш, диплом удирдсан багш маань байсан нь  их хувь заяа хэмээн байнга сүсэглэн бодож талархаж явдаг. Буянтай багш маань их зүйлийг заан зөвлөж, монгол бичгийн багш болох суурийг тавьсан. Уран бичлэгийн урлагийг 2013 оноос сонирхож бие даан оролдож амралтынхаа мөнгөөр Бээжинг зорин бийрийн 4 эрдэнэ, хэрэглэгдэхүүнийг авч дугуйлангийн хүүхдүүдтэйгээ тэр жил  наргисан даа. Амралтын мөнгөө уран бичвэрийн хэрэглэгдэхүүн болгосондоо нэг ч харамсаагүй юм даг. Учир нь уран бичвэрийг  сурахыг,  сурагчдадаа сургахыг хүссэнд байгаа юм.  2014 онд “Бичиг соёл” төвийн тэргүүн Д.Ганбаатар багшдаа шар хадаг барьж шавь нь болж байлаа. Өнөөгийн амжилтын үндэс багш нарын минь зааж сургасан арвин их эрдмийн үр дүн. Эрхэм багштай уулзана гэдэг хэн хүнд олдоод байдаггүй ховор хувь заяа хэмээн боддог. Нэгэн талаас багш нь номлох нөгөө талаас шавь нь ихэд хичээнгүйлэх үйлийн барилдлага тэгш бүрдвээс сая эрдмийн хишиг хүнд тогтдог хэмээн бодож явдаг.
 
-Ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн онцлогийг та хэрхэн тодорхойлох вэ, олон жил ажиллаж байна уу?
 
- Миний хоёр дахь овог “Эрдмийн далай”. Тэнгэрлэг, алтан босготой математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, оюунлаг, хөдөлмөрч хамт олон дунд ажиллаж байгаадаа талархан явдаг. Мэргэжлээрээ 13 дахь жилдээ ажиллаж байна.  Ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн удирдлагын менежмент нь хүүхэд бүрийг бүтээлээр нь хөгжүүлэн авьяас билгийг нь хөхиүлэн дэмждэг. Бодит үр дүн нь аймаг, улсдаа манлайлан улсдаа чанарын сургалтаараа шилдэг 20 сургуульд байнга багтдаг төдийгүй тэргүүний түүчээлэгч хамт олон юм. Багш, сурагчид амжилт гаргахад менежмент сайтай удирдлагуудын дэмжлэг, чиглүүлэг нэн чухал байдаг. Монгол Улсын Гавьяат багш Д.Цогтоо, Монгол Улсын зөвлөх багш,АБТА захирал О.Бадраа, АБТА, Хүмүүнлэгийн ухааны сургалтын менежер Д.Бадмаахүү багш, хамт олондоо талархаж явдгаа та бүхнээр дамжуулан уламжилъя.
 
-“Хүмүүн бичиг” сонин саяхан улсын уралдааны аваргуудаа ӨМӨЗО-д аялуулсан. Хаагуур хэрхэн аялав, сэтгэгдэл, сонин сайхнаасаа хуваалцана уу?
 
-Уралдаанд тэргүүн байр эзэлсэн оролцогчидтой Авга хошуу, Зүүн Сөнөд, Шилийн хот, түүхийн дурсгалт газруудыг үзэж харан дурсамж дүүрэн аяллаа. Өв соёл, эх хэлээ авч үлдэхийг эрмэлзэж орчноо монгол бичгээрээ бүрдүүлсэн байгаа нь бахархмаар байсан. “Чингис хааны сурвалж музей”-д Чингис хааны тухай бичсэн 64 орны 55 хэлээр бичигдсэн 21000 ном байдаг юм билээ.Тэрхүү музейг үзэхэд омогшил, бахархал, сүр хүч, итгэл, бишрэл, сүрдэх мэдрэмж төрж байсан.
 
-Монгол бичгийг заан сургадаг өөрийн гэсэн арга туршлага мэдээж буй болсон байх...
 
-Багш бүр өөрийн арга туршлагатай байдаг. Улс, аймгийн мэргэжил нэгт багш нартаа арга зүй, туршлагаа түгээн дэлгэрүүлж, харилцан суралцаж байна. Миний хувьд суралцагчдад мэдлэгийг дамжуулаад орхих бус хэрэглээг чухалчилж хүүхэд бүрийн чадварт анхааран сэтгэлийг нь хураан ажилладаг. Ингэснээр шавь нар маань чадварлаг, бүтээлч сэтгэлгээтэй, эх хэлээ эрхэмлэдэг, үндэсний үзэлтэй иргэн болон төлөвшдөг. Монгол сэтгэлгээг эх хэл агуулж байдаг. Тиймээс хүн бүр үндэсний бичиг үсгээ төгс сурч эзэмших хэрэгтэй. Монгол бичиг бол туг сүлд, тусгаар тогтнолын алтан ганжир. “Монгол сэтгэлгээ үгүй болбол тусгаар тогтнол, эрх чөлөө, газар нутгаа алдах болно оо” гэдгийг шавь нартаа  хэлж, үлгэр жишээ үзүүлэхийг чиг шугамаа болгон хөдөлмөрлөж байна.       
 
Монгол хэл, бичгээрээ хүмүүс зөв сайхан ярьж, бичиж байвал эх хэлний багш бидний шагнал тэр. Аялгуу сайхан монгол хэлэндээ би хайртай.
 
-Шилийн хотын Монгол бага сургуульд монгол бичгийн хичээлд сууж судалсан байна. Адилхан л үндэсний бичгээ зааж байгаа. Манайхаас онцгой зүйл ажиглагдав уу?
 
-5 дугаар ангийн монгол бичгийн хичээлд ажиглалт хийсэн. Багшийн заах арга зүй адилхан. Жилд монгол бичгийн хичээлээр нэг хүүхэд  6 төрлийн сурах бичгийг судалдаг юм байна. Тэрхүү сурах бичгийг улс нь үнэ төлбөргүй өгч,  сурагчид сурах бичиг дээрээ дасгалын ном шиг ажиллаж, сурах бичгийг хэрэглээ болгон ашигладаг нь үнэхээр сайхан санагдаж Монголдоо хэрэгжүүлмээр бодогдож байлаа. Мөн хүүхэд бүр бидний хэлж сурснаар таван хошуутай бэх соруулдаг үзгээр  тууш дэвтэрт бичдэг юм билээ. Үзгээр бичихэд хүүхдийн бичгийн хэвийг тогтооход их үр дүнтэй арга шүү. Манай улсад үзгээр бичдэг хүүхэд нүдний гэм шүү дээ. 5 дугаар ангийн сурагчид сургуулийнхаа үүдээр орж ирэхдээ багш бүртэй “Багш сайн уу?”хэмээн мэхийн ёсолж, үүдэндээ байрлуулсан Чингисийн барималд мөргөөд орж байгааг нь харахад сэтгэл хөдөлмөөр, хайрламаар, өрөвдмөөр санагдсан. 
 
-“Монголын сайхан бичигтэн-2019” улсын уралдаан хэдийнэ эхэлчихсэн байна. Өнөө жилийн уралдаанд хэрхэн оролцох вэ?
 
-Улсын уралдаанаа уядаг морь шиг л догдлон хүлээдэг. Энэ жилийн хувьд заах аргын нэгдлээрээ төлөвлөгөө гарган анги нийтийн төрөл, бусад ангилалд сурагчдаа бэлтгэж эхэлж байна. Манай аймаг, тэр дундаа манай сургууль үндэсний бичгээр цор ганц хэвлэгддэг “Хүмүүн бичиг” сониноо байнга дэмжин ажилладаг. Уралдаанд оролцсоноор багш, хүүхэд бүр их зүйлийг сурч, чадварждаг. МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины хамт олон, сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа багшдаа талархал илэрхийлье. Та бүхний их үйл хэрэгт бартаа гэж үгүй байх болтугай. Бүх нийтээрээ “Хүмүүн бичиг” сониноо захиалахыг уриалж байна.
 
-Чин сэтгэлээсээ сайхан ярилцсан танд баярлалаа.
 
-Баярлалаа. Энэхүү ярилцлагыг уншиж буй хүмүүст монголоороо сэтгэж, монгол бичгээрээ бичдэг, сэтгэл дүүрэн зорилготой, тэвэр дүүрэн ололт амжилттай, амьдрал дүүрэн аз жаргалтай, зүрх дүүрэн хайртай байхын ерөөл өргөе.
Б.Гантуяа 


Б.Анхбаяр: Монгол бичиг бол туг сүлд, тусгаар тогтнолын алтан ганжир

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-09 02:40:17
    shavi: uneheer mundg bagshshuu amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-08 21:14:43
    Ymrtaich "Erdmiin dalai" gih: Bagshdaa hairtai shuu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-11-10 20:45:44
    Зочин: Mundg bagsh shvv
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-11-10 16:01:50
    Зочин: Mundg bgsh shvv ajlin ondr amjilt hvsie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-11-10 14:57:16
    Зочин: ❤️❤️
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-11-10 14:57:16
    Зочин: ❤️❤️