Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдааны “Сайхан бичигтэн анги” төрөлд дэд аварга болсон ангийг бэлтгэсэн, Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш О.Нямгэрэлтэй ярилцлаа.
-Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийнхаа тухай танилцуулаач?
-МУСГЗ Ж.Бадраагаар овоглосон Математик-Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай Дэлгэрмөрөн цогцолбор сургууль маань 96 жилийн түүхтэй ууган сургуулиудын нэг. Манай сургууль 2652 сурагчтай,152 багш, ажилчидтай эрдмийн их өргөө юм.
-“Монголын сайхан бичигтэн-2018” улсын 22-р уралдаанд таны бэлтгэсэн анги Дэд аварга болжээ. Та тэр үед хэрхэн хүлээж авсан бэ?
-Тийм ээ. Уралдааны дүн гарсан байна гэсэн энэхүү баярт мэдээг МОНЦАМЭ агентлагаас Б.Элбэгзаяа багш утсаар дуулгахад их баярласан. Хамгийн түрүүнд шавь нартаа хэлж баярт мэдээгээ хуваалцаж хамтдаа баярлаж байсан. Манай ангийнхан үндэсний бичгээ зөв хэрэглэж монгол бичгээрээ алдаагүй зөв сайхан бичиж, уншиж сурах нэгэн зорилт тавьсан байсан. Гэтэл энэ том улсын уралдаанд Дэд байр эзэлсэн үнэхээр санаанд ороогүй сайхан амжилт байлаа.
-Улсын уралдаанд ямар хугацаанд хэрхэн бэлтгэв, бүтээлээ ямар хэлбэр шийдлээр гаргав?
-Бид маш их хугацаа хөдөлмөр зарцуулж нийт 45 хоног бэлтгэсэн. Энэ хугацаанд багш-сурагч-эцэг эхчүүдийн маань гурвалсан холбоо үнэхээр сайн байсан. Мөн сурагчдаа сайхан бичиж ахиц гарч байгааг нь харж баярлан, догдолж байсан. Сүүлдээ бүр сурагчид маань бие биенийхээ алдаа, оноог шууд л мэдэрдэг болчихсон. Эргээд бодохоор их л дурсамж болон үлдсэн байна. Уралдаанд оролцох бүтээлээ алдаагүй, хуймал цасан дээр хичээнгүй бичицгээсэн.
-“Сайхан бичигтэн анги” төрөлд дэд аварга болсон ангийн сурагчдын хувьд тухайн сурагчид ямар ахиц,өөрчлөлт гарсан бэ?
-Сурагчид маань монгол бичгийн дармал, бичмэл эхийг саадгүй уншиж, хичээнгүй сайхан бичиж сурсан. Мөн хүмүүжил төлөвшил, сурах арга барилд ахиц гарч олон давуу тал чадвар бий болсон гэдгийг онцлох хэрэгтэй.
-Улаанбаатар хотод ирж, Ерөнхий сайдаас шагналаа гардаж авсан баярт мөчийн тухайд...?
-Тэр үе бол үгээр хэлэхийн аргагүй сайхан мөч. Монголын хүүхдийн урлан бүтээх төвд ороход үүднээс эхлээд л монгол бичгээр бичсэн олон загвар шийдэлтэй бүтээл байршуулсан байсан. Энэ үед эх хэл монгол бичгээрээ бахархаж, омогшиж, нулимс минь өөрийн эрхгүй гарсан даа.
-“Хүмүүн бичиг” сонин саяхан улсын уралдааны аваргуудаа уламжлал ёсоор ӨМӨЗО-д аялуулах амлалтаа ажил хэрэг болгожээ. Та бүхэн хэдүүлээ, хэрхэн аялсан бэ, сэтгэгдэл ямар байна?
- “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд ангилал бүрийн түрүүлсэн багш, анги нийтийн ангиллын нэг, хоёрдугаар байрт шалгарсан ангийн бэлтгэсэн багш нарыг гадаадад аялах эрхийн бичгээр шагнасны дагуу бид ӨМӨЗО-ы Шилийн хотоор аялууллаа. Энэ бол үнэхээр сайхан аялал боллоо.
-Шилийн хотын 2-р бага сургуулийн үндэсний бичгийн хичээл болон арга барил, монгол бичгээ судлах, сургах онцлог нь ямар байв?
-Бид тус сургуулийн 5-р ангийн сурагчдад зааж буй хичээлд ажиглалт хийсэн. Сурагчид 1-р ангиасаа монгол бичиг, хятад хэл хоёроо давхар үзэж судалдаг юм билээ. Хичээл сургалтын үйл ажиллагааны онцлог нь тайлбар дасгалын аргыг багш, сурагчид маш чадмаг хэрэглэж байгаа юм шиг санагдсан. Сургалтын агуулга хөтөлбөрт нь шүлэг, аман болон ёгт үлгэрүүд ихээр судлагддаг юм байна. Унших, бичих чадварыг гайхалтай эзэмшсэн сурагчдаар, тэр хичээлийн зааж буй багшаар бахархах сэтгэл төрж байлаа.
-Шилийн хотын Ажил мэргэжлийн дээд сургуульд та бүхэн зочилжээ. Ямар онцлогтой сургууль вэ?
-“Ажил мэргэжлийн дээд сургууль” нь 20 мянга орчим оюутнуудтай. Монголоос “Ажил мэргэжлийн дээд сургууль”-д зуугаад оюутан малын эмч, хүний эмч-уламжлал, хэлний бэлтгэл гэсэн ангиудад нь суралцаж байна. Монголынхоо оюутнуудтай манай аяллын багийнхан уулзан “Хүмүүн бичиг” сониноосоо минутын уншлага хийлгэж, АХА тэмцээн зохион байгуулан, халуун дотно яриа өрнүүлсэн сайхан өдрүүд байсан.
- ӨМӨЗО-ы түүхийн дурсгалт газраар оров уу?
- ӨМӨЗО-ы “Авга хошуу”-ны Авга музей болон Шилийн хотын ''Чингис хааны сурвалж бичгийн музей''-д орж түүхийг сонирхсон. Шилийн хотын ''Чингис хааны сурвалж бичгийн музей''-д 64 орны 55 хэлээр бичигдсэн Чингис хааны тухай 21000 эд, бүтээлийг дэлхийн олон орноос цуглуулан хадгалж иргэд, хойч үеийнхэндээ дэлгэн үзүүлдэг юм байна. Үүнийг үзээд миний эх оронд л баймаар юм даа гэж бодогдож байлаа. Тус музейг үзэхэд омогшил, бахархал төрж, сүр хүчийг мэдэрч, итгэл, бишрэл, сүрдэх мэдрэмж өөрийн эрхгүй төрж байсан. Олон сайхан газар нутаг, түүхийн үнэт дурсгалыг үзэж харсан сайхан аялал байлаа. МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сонины хамт олонд баярлалаа гэдгийг хэлмээр байна.
-2025 онд Монгол бичгийг төрийн хэл, бичиг болгоно гэсэн. Энэ талаар таны үзэл бодол?
- Миний хувьд энэ бодлого шийдвэрийг их зөв алхам гэж бодож байгаа. Монгол бичиг бол бидний түүх, бахархал, тусгаар тогтнол. Тиймээс энэ бодлого нь хүүхэд, багачууд, залууст үндэсний бичгээ хичээнгүйлэн, сайн суралцах хөшүүрэг гэж боддог. Мөн дээрх аяллаас надад нэг бодол төрсөн. Цаашид монгол бичгээ насанд хүрэгчдэд, төрийн албан хаагчдад зааж сургаж монгол хүн бүрийг эх хэл бичигтээ шамдуулах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.
-Өнөө жилийн буюу “Монголын сайхан бичигтэн-2019” улсын уралдааны бэлтгэл хэдийнээ эхэлчихжээ. Та болон танай хамт олон хэрхэн оролцох вэ?
- Манай аймгийн хувьд улсдаа цор ганц монгол бичгээр хэвлэгддэг “Хүмүүн бичиг” сониноос зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд өндөр ач холбогдол өгч аймгийн бүхий л багш,сурагчид өргөнөөр хамрагддаг. Тиймдээ ч багш, сурагчид маань илүү хөгждөг гэж боддог. Өнөө жилийн уралдаанд оролцох бэлтгэлээ сургууль бүр базааж байгаа байх. Манай сургуулийн Заах аргын нэгдлийн хувьд өнгөрсөн жил бид анги нийтийн ангилалд оролцсон бол өнөө жил нэмээд багш, сурагчид ангилал бүрт дугуйлан, бүлгэмийн сурагчдаа оролцуулахаар төлөвлөж байна.
- Баярлалаа таны ажилд амжилт хүсье.
- Маш их баярлалаа. Хүн бүр эх хэлээ дээдлэн, хүүхэд бүр монгол бичгээ бахархан сураарай гэж уриалъя.
Б.Ганаа
О.Нямгэрэл: Монгол бичиг бол бидний түүх, бахархал, тусгаар тогтнол юм |
|
Сэтгэгдэл бичих