Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Дэ Нэйче Консерванси (TNC) байгаль хамгааллын байгууллага нь Монгол орны цэвдэг түүнийг дагасан хүлэрт намгийг хэрхэн хамгаалах тухай сургалт, өдөрлөгийг Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд зохион байгууллаа.
Тус аймаг усны нөөц, ойн нөөц, цэвдэг хөрсний тархалтаараа нэгдүгээрт бичигддэг.
Дархадын хотгорын уулс хооронд эртний мөстлөгийн үеэс үлдсэн томоохон газар нутгийг хамарсан хүлэрт намгийн экосистем оршдог бол Баянзүрх сумын баруун хэсэг нь Улаан тайгын дархан цаазат газар, гол горхины нарийн экосистем бүрэлдсэн газар нутаг юм.
Хүлэрт намаг нь усны тэнцвэрт байдлыг хадгалж, цэвэршүүлэх, бичил уур амьсгалыг зохицуулж, хүлэмжийн хийг шингээх, биологийн олон янз байдлыг хадгалж, цэвдэг хайлахаас хамгаалах зэргээр зэргээр байгалийн экосистемд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Гэвч Монгол орны хүлэрт намгийн талбай нь сүүлийн 30 жилд хоёр дахин багасаж, өдгөө нийт газар нутгийн ердөө 1,7 хувийг эзэлж байгааг судлаачид 2016 онд тогтоосон байна.
Монгол орны цэвдэгтэй бүсэд зонхилон тархдаг хүлэрт намаг сүүлийн жилүүдэд хурдацтай доройтож, алдарч үгүй болоход уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагаа, тэр дундаа бэлчээрийн зохистой бус ашиглалт нөлөөлж иржээ.
Энэ талаар Газарзүй Геоэкологийн Хүрээлэн, Цэвдэг судлалын салбарын дарга Доктор А.Саруулзаяа хэлэхдээ “Цаашид Монгол орны хэмжээнд хүлэрт намгийн тархалт, хил заагийг нарийвчлан тодорхойлох, төлөв байдлыг тодорхойлсноор урт хугацаанд тогтвортой, зөв зохистой ашиглах, хамгаалах шинжлэх ухааны үндэслэлийг бий болгох ач холбогдолтой” хэмээн онцлов.
Өдөрлөгийн зохион байгуулагч, Уур амьсгалын нөлөөг бууруулах байгальд суурилсан шийдэл судалгааны төслийн зохицуулагч А.Эрдэнэчимэг хэлэхдээ “Хүлэрт намгийн доройтол нь экосистемд томоохон эрсдэлүүдийг дагуулж байна. Дэ Нэйче Консерванси байгууллага нь Монгол орны хүлэрт намгийн судалгаа хийн, нутгийн иргэдийг мэдээллээр хангаж Монгол улсын Засгийн газартай хамтран байгаль хамгааллын салбарт байнгын санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэв.БОАЖЯ-ны харьяа, Цэнгэг усны нөөц, Байгаль хамгаалах төвтэй хамтран Баянзүрх суманд зохион байгуулсан өдөрлөгт тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид, дунд, ахлах ангийн 220 сурагчид, аймгийн мэргэжилтнүүд оролцлоо.
Б.Тамираа
Хөвсгөл аймагт эмзэг экосистем бүхий газар нутаг зонхилж байна |
Сэтгэгдэл бичих