Уушигийн өврийн буган хөшөөний цогцолборыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ
2023-09-19 10:29:23, 434

Саудын Арабын Хаант Улсад болж буй ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ.

Үүний дотор Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Уушигийн өврийн Буган чулуун хөшөө бүхий цогцолбор дурсгалт газар багтсан байна.

Мөрөн хотоос баруун зүгт 18 км зайд Бүрэнтогтох сумын нутаг Улаан уушиг уулын өвөрт буган хөшөө болон хиргисүүрийн тахилгын байгууламжийн томоохон цогцолбор орших бөгөөд нэг дор 30 орчим буган хөшөө бий.

Эдгээр хөшөө нь хойноосоо урагш цуварсан байрлалтай ба тэдгээрийн эргэн тойронд битүү болон цагариган хэлбэрийн чулуун дарааст олон тахилгын байгууламжуудтай.

 

Энэхүү дурсгал нь Евро Азийн буган чулуун хөшөөт цогцолбор дурсгалуудын хамгийн олон хөшөөтэй нь бөгөөд хиргисүүр, буган хөшөөний соёлыг тээгч эртний ард түмний судалгаанд онцгой байр суурийг эзэлдэг.

Буган хөшөөнүүд нь  Монгол-Өвөр Байгалийн хэлбэр буюу бугын загварчилсан дүрст хөшөөний төрөлд хамаарна.

Хөшөөнүүдийн хамгийн намхан нь 133 см, хамгийн өндөр нь 375 см хэмжээтэй, цайвар саарал, улаан хүрэн, хөх саарал өнгийн боржингоор хийжээ.

Хөшөөний сийлбэр харилцан адилгүй хадгалагдсан.

Эдгээр хөшөөнүүдийн дотроос хүний нүүр дүрсэлсэн хөшөө хамгийн онцгой нь юм. Уг хөшөөний нэг нарийн талын дээд хэсэгт хүний нүүр, нүд, хөмсөг, хамар, ам, чих зэргийг уран нарийн сийлж, чихэнд нь ээмэг зүүснээр дүрсэлжээ.

Хүний нүүрний доод талд хүзүүний зүүлт, түүний доор том жижиг 14 бугыг хөшөөг эргэн ороосон байдалтайгаар дүрслэхдээ тэдний завсар зайд таван талт хэлбэртэй бамбай, толь зэргийг багтааж, харин бүсний доод талд 14 бугыг дээшээ тэнгэр өөд тэмүүлсэн байдалтайгаар сийлжээ.

 

Бүс нь ханан хээ чимэглэлтэй бөгөөд түүнээс байлдааны зээтүү, чичлүүр хутга, дэгээ, билүү, саадаг зэргийг зүүснээр сийлсэн байдаг ажээ.

 

Б.Ганаа

 

 

 



Уушигийн өврийн буган хөшөөний цогцолборыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0