Ү.ТЭМҮҮЖИН: “ЧАМРУУГАА ОЧИЖ ЯВНА” КИНО МАРГААШ НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
2021-11-23 23:17:00, 697
“Чамруугаа очиж явна” Монголын уран сайхны киноны продюсeр ҮҮРЦАЙХЫН ТЭМҮҮЖИНТЭЙ ярилцлаа.
 
-“Чамруугаа очиж явна” уран сайхны кино үзэгчдэд маргааш хүрэх гэж байна. Шинэ  уран бүтээлээ өлгийдөн авч буй та нартаа баяр хүргэе.
 
Баярлалаа. Маргааш кино маань нээлтээ хийх гээд маш их догдолж байна.
 
- Киноны зураг авалтыг Хөвсгөлдөө хийж, нутгийн залуус гол дүрд нь тоглосон гэсэн. Энэ тухайгаа манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулаач?
 
Khoimor.mn болон Gandi,s продакшний хамтын уран бүтээл “Чамруугаа очиж явна” уран сайхны кино11 сарын 24, 25, 26, 27-нд үзэгч түмэнд хүрнэ.  Манай баг хамт олон өнгөрсөн 3 сараас эхлэн киноныхоо зураг авалтын ажилд  орж 8 сарын хугацаанд киногоо хийж, дууслаа. Киноны  зураг авалт  бүгд Хөвсгөлд хийгдсэн. Чамруугаа очиж явна кинонд Хөвсгөлийн тодотголтой залуу жүжигчид болон аймгийн ХДТ-ын уран бүтээлчид тоглосон. Хөвсгөлийн залуучууд хамтдаа уран сайхны бүрэн хэмжээний кино хийлээ.
 
Миний хувьд хүн бүр өрийнхөө хийж чадах зүйлээ хамгийн сайнаар  хийж байх хэрэгтэй гэж боддог. Манай кинонд тоглосон залуучууд болон кино багийнхан бүгд  чадахын төлөө хичээсэн тиймдээ ч энэ уран бүтээлийн ард гарч чадсан. Гандис продакшний дүү нар ёстой л  урлаг хэмээх том салбарын эд эс нь болж байгаагийн хувьд энэ салбарын төлөө бүх  чадлаараа байгаа боломжоо ашиглаад зүтгэж яваа залуучууд. Хөдөлмөрч хүнийг амьдрал үргэлж шагнадаг гэдэг үг байдаг. Удахгүй дүү нарыг маань амьдрал шагнана гэдэгт эргэлзэхгүй байна.
 
-Саяхан олон нийтийн сүлжээгээр танай киноны нэг зураг нэлээдгүй шүүмжлэл дагууллаа энэ зурагны талаар яриач?
 
Цахим орчинд манай киноны зураг авалтын дундуур авахуулсан ажлын зургийг киноны албан ёсны постерийн зураг байна гээд нэлээдгүй шуугьсан... Манайхан нэг давлагаалахаар бас л явж өгнө ш дээ.  Тэр зураг манай албан ёсны постер биш байсан юм шүү. Магадгүй бидэнд алдаа дутагдал их  байгаа байх. Гэхдээ бид авахыг нь  аваад хаяхыг нь хаяад улам урагшилна гэж боддог. Алдахгүй залуу нас гэж байхгүй байх. Энэ асуудалд залруулга хийж зөөлрүүлэх шаардлагагүй гэж бодож байна.
 
-Киног үзэх хүлээлт их байх шиг байна. Киноны онцлог нууц биш бол ?
 
Бид кинондоо 1980-аад оны үйл явдлыг харуулахыг хичээж обьектээ бэлтгэж ажилласан. Кинонд  найз нөхдийн сайхан нөхөрлөл, тухайн үеийн залуучуудын хөдөлмөрч зан чанар болон нандин хайрыг харуулахыг хичээж ажиллалаа. Олон нийтийн сүлжээнээс харахад  кино маань нэлээдгүй хүлээлттэй байгаа шинжтэй. Та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Ирээд үзээрэй гэж урьж байна.
 
-Залуус нэгдээд кино бүтээлээ. Хүндрэл бэрхшээл нь юу байв?
 
Хүндрэл бэрхшээл их тулгарсан. Хамгийн наад зах нь  киноны олны хэсэгтэй  зураг авахад хүмүүс цуглуулах, кино зураг авах үед үг хэллэгийг ойлгохгүй будлиж  байснаа нуугаад яахав.Үүнээс гадна дэлхийн нийтэд тархаад буй ковид-19 халдварын нөхцөл байдал бас том бэрхшээл байлаа.
 
-Та бүхэнд тусалж, дэмжсэн олон хувь хүн байгууллага хамт олон бий байх?
 
Тиймээ. Энэхүү уран бүтээл  маш олон хүний дэмжлэг туслалцаатай бүтсэн. Миний бие энэхүү киноны продюсерээр Б.Батмөнх найзтайгаа хамтарч ажилласан. Энэ дашрамд тусалж дэмжсэн аав, ээж, ах дүү, найз нөхөд болон Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Хөвсгөл хүнс компанийн захирал Л.Төмөрбаатар, Уудам хангай компанийн захирал Ж.Болдбаяр, Жаргалан рестораны захирал С.Бархасболд, 50:100 event hall-ын захирал П.Отгон-очир нарт баярлаж талархсанаа илэрхийлье. Хөвсгөлчүүд та бүхэн минь киног үзэхдээ өөрийнхөө болон  бусдын аюулгүй байдлыг сайтар хамгаалж үзвэрийн дүрэм журмаа баримтлахыг энэ дашрамд  уриалж байна. 
 
Б.Туяа 
 
 
 
 
 
 
 
 
 
 


Ү.ТЭМҮҮЖИН: “ЧАМРУУГАА ОЧИЖ ЯВНА” КИНО МАРГААШ НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0