Судалгааны баг 24 булш малтан судалжээ
2020-09-06 19:44:04, 665

 Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн  дарга,  түүхийн ухааны доктор Ж.Баярсайханаар ахлуулсан судалгааны баг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт 10 хоног ажилласан байна.  Дархадын хотгорын сав нутагт  ялангуяа Хөвсгөл аймгийн  Улаан-Уул сумын нутагт тоногдож сүйтгэгдсэн дурсгалуудын ерөнхий тоо бүртгэл гаргах, бүтэн үлдсэн дурсгалуудаас  ямар зүйлс үлдэж хоцорсон талаар малтлага хийх, тоногдсон дурсгалуудаа авран хамгаалах ажиллагааг үргэлжлүүлэх, тоногдсон юман дотор хэвтэй байгаа эртний олдворуудын хугархай хэмхэрхий бүтэн үлдсэн янз бүрийн олдворуудыг түүж авах зорилготой  гэнэ. Судалгааны багийн хамт олныг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд хүлээн авч уулзан явуулсан үйл ажиллагааны талаарх мэдээлэлтэй танилцлаа. Тус багийнхан Соёлын яамны дэмжлэгээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг Хориг уул орчимд бүтэн  13,   тоногдсон 11 нийт 24 булшийг малтан судалсан байна.

Судалгаагаар Монголын дундад зууны үе  Чингис хаан түүний үр хүүхэд болон эзэнт гүрний түүхэнд холбогдох ховор сонин дурсгалууд цөөн тоогоор гарсан. Тухайлбал ясан сийлбэрийн маш гайхамшигтай бүтээлүүд, шир боловсруулалт гутал хувцасны нарийн нандин хээ угалзтай тасархай  хэсгүүд, бүтэн дурсгалуудаас булшний зан үйлийг тогтоох ховор дурсгалууд цөөнгүй олж хүрээлэн судалгааны тайлан төлөвлөгөөнд оруулж судалгааны эргэлтэд оруулахаар судалгааны баг ажилласан байна. Анх удаа Монголын соёлын өвийн тухай судалгаа хийдэг үндэсний хэмжээний 5 байгууллагын 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай ажилласан гэдгийг түүхийн ухааны доктор Ж.Баярсайхан танилцуулав. Энэ үеэр Засаг дарга Л.Ганболд  сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр иргэдэд  буруу ташаа мэдээлэл хүрч,  төөрөгдүүлэх үйл явдлууд гарч байгаа тул үнэн бодит мэдээллийг  судалгааны багийнхан болон орон нутгийн зүгээс   өгч хамтран ажиллах хэрэгтэй байгааг онцолж байлаа.

Б.Ганаа


Судалгааны баг 24 булш малтан судалжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-08-24 17:49:16
    ?????: ЗӨВ ШҮҮ