Хөвсгөл аймагт энэ онд болох аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаа, наадамтай танилц
2020-02-09 22:03:52, 2126
Монгол орны аялал жуулчлалын тулгуур төв болсон Хөвсгөл аймгийг зорих гадаад, дотоодын жуулчдын тоо жил бүр нэмэгдсээр байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор энэ онд 5 томоохон үйл ажиллагааг зохион байгуулна.
 
“Цасны баяр”-ыг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс цуцалжээ
 
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд олон ястны өлгий болсон хоймор нутгийн онцлог, эрс тэс уур амьсгалтай энэ нутагт амьдарч ирсэн уламжлалт заншил, өв соёл хийгээд, цас, цаа хоёрын зохицол, амьдралын хэв маягийг олон нийтэд сурталчлах зорилгоор ирэх сарын 29-нд болох байсан “Цас, цааны баяр”-ыг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс цуцалсан юм.  
 
“Мөсний баяр” болох эсэх нь тодорхойгүй байна
 
 
Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Мөсний баяр ирэх сарын 2-4-ний өдөр болохоор төлөвлөж байсан.Шинэ төрлийн коронавирүсний халдвартай холбогдуулан ирэх сарын 2 хүртэл хөл хорио тогтоосон учраас болох эсэх нь тодорхойгүй байна. Мөсний баярыг энэ жил 20 дахь жилдээ "Хөх сувд дэлхийн нүүдэлчдийн мөсний баяр" сэдвийн хүрээнд тэмдэглэхээр шийдвэрлэсэн байсан юм. Энэ үеэр Мөсний баярын үеэр анх удаа тэмдэглэж ирснээс өнөөдрийг хүртэлх түүхийг харуулсан зургийн үзэсгэлэн, нүүдэлчдийн соёлыг харуулсан дархад цагаан адууг сэтэрлэх зан үйл, хоймор нутгийн 6 дахь хошуу мал цааг олон нийтэд таниулан сурталчлах цаатны хотхон байгуулахаар төлөвлөсөн байжээ.
 
“Даян дээрхийн шагайн тойром наадам”  6 дугаар сарын 30-нд Цагаан-Үүр суманд болно
 
 
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уялган голын хөвөөнд Даян дээрхийн цом үндэсний шагайн харвааны тойром наадмыг Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх "Мон 9183" төслийн санаачилгаар анх удаа зохион байгуулж байжээ. Тус наадам нутгийн иргэдэд түшиглэсэн дотоод аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, шагайн спортын хөгжлийг шинэ шатанд гаргах, улмаар шагайн харваа дагасан соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх зорилготой юм. Энэ жил 4 дэх жилдээ 6 дугаар сарын 30-нд Цагаан-Үүр суманд болно. Тус наадмыг нь 2017 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд Цагаан-Үүр сум болон Уялган голын иргэдийн аж, амьдралыг дээшлүүлэх, гадна дотны жуулчид сонирхдог эвент болгох зорилготой бөгөөд 2019 онд 500 гаруй иргэн ирж үзэн сонирхсон байна.
 
"Цаатан фестиваль" 7 дугаар сарын 6-7-нд “Далай тур” жуулчны баазад болно
 
 
Хөвсгөл аймаг халх,  дархад, цаатан, урианхай, буриад, хотгойд зэрэг олон ястны өлгий нутаг. Хөвсгөл нутгийнхаа аялал жуулчлалын цар хүрээг өргөтгөх, цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулаг "Цаатан фестиваль" 7 дугаар сарын 7-8-нд “Далай тур” жуулчны баазад болно.


Тус наадам Монголын хоймор нутагт өв уламжлалаа хадгалан амьдарч байгаа цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх аялал жуулчлалын эвентийг шинээр бий болгох зорилгоор 16 дахь жилдээ зохион байгуулна.
 
 
Фестивалийн үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах, зургаа авахуулах зэрэг олон боломж иргэдэд олддог бөгөөд наадмыг "Монтрейвэл" компанийн Хөвсгөл далайн эрэгт байрлах жуулчны баазад зохион байгуулна. Энэ үеэр жуулчид Хөвсгөл далайн эрэгт амарч аялангаа цаатан иргэдийн аж амьдралыг үзэх төдийгүй олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцох бөгөөд захиалгаа 8811-8548 утсаар өгөх боломжтой ажээ.
 
 “Сарлаг наадам” 7 дугаар сарын 20-нд Хатгал тосгонд болно
 
 
“Сарлаг наадам” нь монгол сарлагийг гадаад, дотоодын жуулчдад сурталчилж орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, үүлдэр угсааг чанаржуулж, ашиг шимийг нь нэмэгдүүлсэн малчдын хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, зах зээлийг тэлэх, түүхий эдийн борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой юм.
 
 
Тус наадмыг Хөвсгөл аймгийн "Жинст мөрөн” компани санаачлан зохион байгуулж энэ үеэр сарлаг унасан малчид болон сарлаг, хайнаг тэрэгний парад, сарлаг булигуулах, бугуйлдах, дүүгүүр шидэх зэрэг уралдаан тэмцээн зохиох байгуулдаг. Мөн "Жинст мөрөн" компанийн сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг танилцуулдаг ажээ.
 
 
 
 Б.Ганаа


Хөвсгөл аймагт энэ онд болох аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаа, наадамтай танилц

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0