Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Зохиолч, яруу найрагч П.Майнбаярын “Хагас нь эс хагас нь элс” номын нээлт Мөрөн хотод боллоо.Тэрбээр 1996 онд анхны шүлгийн түүвэр “Шар навчны сүнс” номоо гаргаж байсан бол 2006 онд "Сарны бичээс", 2007 онд "Шинэ улирал", 2008 онд "Сая жилийн намар" 2009 онд "Бясалгагч мөчир", 2010 онд "Огторгуйн нугаас түүсэн шүүдэр", 2011 онд “Сүүдэргүй манан”, 2012 онд “Өвсний шувуу”, 2013 онд “Эртний сэтгэл”, 2014 онд “Салхинд гэрэлтэх тэнгэр”, 2015 онд “Үүрдийн хоосон агшин” номоо өөрийн 11 дэх шүлгийн түүвэр болгон хэвлүүлжээ. Харин түүний 12 дахь ном “Хагас нь эс хагас нь элс” анхны хүүрнэл зохиол юм. Энэхүү ном нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэг нь хоорондоо уялдаа холбоо бүхий цуврал өгүүллэгээс, хоёр дахь хэсэг нь бие даасан өгүүллэгүүдээс бүрджээ. П.Майнбаяр нь Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Зохиолчдын эвлэлийн шагналт, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, шилдэг бүтээлийн "Алтан-Өд" наадмын тэргүүн байрын шагналтай зохиолч яруу найрагч юм. Мөн энэ оны 4 дүгээр сард Монголын зохиолчдын эвлэл, "Аз хур" ХХК, "Болор судар" хэвлэлийн газраас зохион байгуулсан “Монгол туужис” хүүрнэл зохиол, туужийн уралдаанд зохиолч П.Майнбаярын “Мөнхийн хөсөг” тууж тэргүүн байр эзэлсэн ажээ.
Б.Туяа
Зохиолч, яруу найрагч П.Майнбаярын “Хагас нь эс хагас нь элс” номын нээлт боллоо |
|
Сэтгэгдэл бичих