Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур бол Монгол Улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт оршдог Хөвсгөл нуур билээ. Тиймээс Хөвсгөл нуурын байгаль экологийн болон соёлын үнэ цэнэ, ач холбогдлыг олон улсын хэмжээнд таниулах, нуур орчмын онгон байгалийг НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэх зорилгоор энэ аяныг эхлүүлж байна. Энэхүү аян нь байгаль орчин, эрх зүйн мэдлэгийг урлаг, соёлоор дамжуулан түгээх зорилготой бөгөөд тус аянд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй найман орны 25 уран бүтээлч, хуульч, байгаль орчны идэвхтнүүд, сэтгүүлчид нэгдэж байгааг өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр аяныг санаачлагч “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”, “Түгээмэл эрх хөгжил” , “Захиргааны шинэ санаачлага”, “Байгаль орчны сэтгүүлчдийн сүлжээ”, “ Дөрөв дэх өнцөг” ТББ-ын төлөөлөл мэдэгдлээ. Гадаад дотоодын олон хүнийг нэгтгэсэн энэхүү аян энэ сарын 4-19-ны өдрүүдэд Улаанбаатар-Эрдэнэт-Булган-Мөрөн-Хатгал гэсэн маршрутаар үргэлжлэх бөгөөд урлаг соёлын хамтарсан тоглолт, мэдээллийн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний бага хурлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах ажээ. Тус аяныг санаачлагч “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа хэлэхдээ “Дэлхий дээр цэвэр усгүйгээр 4500 хүн үрэгдсэн байна. Тиймээс хойч үедээ усаа үлдээх зорилгоор үе хоорондын зарчмыг бид мөрдөх ёстой. Бидний өвөг дээдэс энэ л зарчмаар усаа хадгалан хамгаалж ариун дагшинаар, цэвэр тунгалагаар бидэнд өвлүүлэн үлдээсэн. Бидний үед энэ зарчим алдагдах ёсгүй. Энэ үеийн буруу хэрэгцээ шаардлагыг хангах гэж хойч үеийн хэрэгцээг зөрчиж болохгүй. Нуураа дэлхийн өвд бүртгүүлснээр жуулчдын тоо өсөхийн зэрэгцээ хамгаалах асуудал нь олон улсын хамгаалалтад орох ач холбогдолтой” гэлээ. Түүнчлэн нэрт сэтгүүлч Балдорж агсан “Далай ээж цаазын тавцанд” өгүүллэгээр нуураа аварч байсан бол энэ удаа мөн сэтгүүлчдийнхээ хүчээр усаа хамгаалах болно гэж тодотгож байв.
Ц.Мягмарбаяр
“Далай ээж” олон улсын хөгжмийн үдшийг “On’n OFF” продакшн зохион байгуулна |
|
Сэтгэгдэл бичих