Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас аймгийн “Эх хэл бичиг” хөтөлбөрийн хүрээнд “Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдааны эхний шатыг орон нутагтаа зохион байгуулж монгол хэл бичгийн 83 багш, 2250 сурагч анги нийтийн ангилалд оролцжээ.
Тус аймгийн монгол хэл бичгийн багш нар энэ хичээлийн жилд монгол бичгийн сургалтын чанарыг ахиулах зорилго тавин 147 багш 13 аравт баг болж, хамтран хөгжин суралцаж байгаа бөгөөд энэ жилийн "Монголын сайхан бичигтэн-2018" улсын уралдаанд өндөр ач холбогдол өгч, ийнхүү аймагтаа эхний шатны шалгаруулалтыг хийжээ.”Орон нутагт анх удаа улсын уралдааны эхний шатны шалгаруулалтыг хийсэн нь хамтдаа суралцаж хөгжих, туршлага хуваалцах том боломжийг нээж өгч буй үр дүнтэй ажил болж байгаа юм. Сургууль бүрт, багш, сурагч бүрт “Цаашид хэрхэн анхаарч ажиллах, дараагийн уралдаанд яаж оролцох, үндэсний бичгийн хичээлийн чанарыг хэрхэн ахиулах тухай“ зөвлөмжийг хүргүүлж байна.Эхний шатанд шалгарсан шилдэг 25 багш, шилдэг 25 ангийн нийт 350 хүүхдийг шалгаруулж бичвэрүүдийг нь улсын уралдаанд илгээж байгаа бөгөөд хоймор нутгийн багш, сурагчид “Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдаанд өргөн дэлгэр оролцож байгаа нь үндэсний бичгийн хичээлийн сургалтын чанарыг ахиулахад оршиж байгаа юм” гэдгийг БСУГ-ын Монгол хэлний мэргэжилтэн О.Оюунтунгалаг хэлж байлаа. Эхний шалгаруулалтад багш нарын ангилалд Авьяас сургуулийн Монгол хэл бичгийн багш Д.Хүрэлмөнх, Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн багш н.Лхамсүрэн нар тэргүүлсэн бол анги нийтийн ангилалд Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн О.Нямгэрэл багштай 10 в ангийн хамт олон манлайлан оролцсон бөгөөд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хамгийн сайн оролцсон 10 багш, 10 анги хамт олонд тус бүр 20 ном, бусад хэрэглэгдэхүүнээр шагнаж урамшуулсан байна.
Улсын уралдааны бусад ангилалд Хөвсгөл аймгаас олон оролцогч байгаагаас ахмад багш н.Сайнтогтох бичвэрийн бус бүтээлийн, Д.Доржпагма "Уран бичлэг"-ийн төрөлд, “Титэм” сургуулийн 12 б ангийн сурагч Д.Бямбажаргал төгсөх ангийн сурагчдын ангилалд оролцож байгаа ажээ.
Б.Гантуяа
Хөвсгөл аймаг анх удаа "Монголын сайхан бичигтэн-2018" улсын уралдааны эхний шатыг орон нутагтаа зохион байгуулав |
|
Сэтгэгдэл бичих