Сод-Эрдэм сургууль “Ногоон туг”-ийн болзол хангалаа
2024-03-25 16:22:51, 406

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Сод-Эрдэм сургууль олон улсын эко сургууль хөтөлбөрийн Алтан гэрэгэ буюу “Ногоон туг”-ийн болзол хангажээ.

Тус сургууль ISO14001 стандартад суурилсан олон улсын эко сургуулийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, ногоон хөгжил тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй бодит хувь нэмэр болон тус хөтөлбөрийн ахисан шатны шаардлага хангасныг үндэслэн “Ногоон туг” өргөмжлөл олгосон байна. 

Хөтөлбөрийн хүрээнд сургууль хөгжүүлэх “Миний сургууль-Миний гэр” хөгжлийн хөтөлбөртөө олон улсын Эко сургууль болох бодлогын зорилт дэвшүүлж, гадаад болон дотоод орчны үнэлгээг 8 удаа хийж, олон талт үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Сургуулийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг татаж сургалтын таатай орчин бүрдүүлэн, сургалт нөлөөллийн ажлыг багш, суралцагчид, эцэг эх олон нийтэд үе шаттай зохион байгуулж экологийн боловсрол олгожээ.

Сурагч, багш, эцэг эх бүр хогоо хогийн саванд хийж, мод, цэцэг тарьж арчлан экологийн боловсролоо дээшлүүлж, хүрээлэн буй орчинд хандах хандлагад эерэг өөрчлөлт гарсан байна.

Мөн өөрсдийн гараар хэрэгцээний хүнсний ногоогоо тарих, хэрэгцээнээс илүү гарснаа зах зээлд арилжих зэргээр эерэг өөрчлөлтүүд гарч амьдрах ухаанд суралцсан байна.

Ус, эрчим хүчээ хэмнэх, хог хаягдлыг багасгах, ангилах, дахин ашиглах зэргээр байгальд ээлтэй, зөв хэмнэлттэй амьдрах арга ухаанд суралцсан олон ажлыг үр дүнтэй зохион байгуулсан гэдгийг Сод-Эрдэм сургуулийн захирал Д.Мөнхбаатар хэлэв.

Б.Ганаа

 

 



Сод-Эрдэм сургууль “Ногоон туг”-ийн болзол хангалаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0