Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг дарга Д.Цогбаярын санаачлагаар "Бид босоо бичигтэн” монгол бичгийн уралдаан боллоо. Уралдаанд иргэд, төрийн албан хаагч, сурагчид гэсэн ангиллаар 127 хүн оролцсон байна.
Тус уралдаан нь 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах учир өсвөр үеийнхэн бие биеэсээ харилцан суралцах, мэдлэг чадвар, өв соёлоо бусдадаа түгээн дэлгэрүүлэх, сумын хэмжээнд иргэдийн монгол бичгийн түвшин ямар байгааг судлах зорилготой юм.
Уралдаан 10-12 дугаар ангийн сурагчдын дунд бүтээл, төрийн албан хаагчдын дунд бүтээл, олимпиад гэсэн ангилалд боллоо.“Хүн бүр эх хэлээ эрхэмлэдэг, үндэсний үзэлтэй иргэн болон төлөвших нь чухал. Монгол сэтгэлгээг эх хэл агуулж байдаг. Тиймээс хүн бүр үндэсний бичиг үсгээ төгс сурч эзэмших хэрэгтэй. Монгол бичиг бол туг сүлд, тусгаар тогтнол юм. Тиймээс би 2021-2024 онд хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Бид босоо бичигтэн" монгол бичгийн уралдаанаар сумандаа хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн нээлтээ хийж байна. Цаашид сумын иргэддээ монгол бичиг сургах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно” гэдгийг Түнэл сумын Засаг дарга Д.Цогбаяр хэлж байлаа.
Онцлох бүтээлээр Г.Оюунжаргалын Монгол хэл бүтээл, Шилдэг бүтээлээр Д.Бямбаагийн Ялалт бүтээл, хичээнгүй бичгийн төрөлд Г.Даваадулам, сурагчдын бүтээлээс Б.Хандармаагийн 9 эрдэнийн орон зэрэг бүтээлүүд шилдгээр тодорчээ.
Б.Ганаа
Түнэл сумын иргэдийн дунд “Бид босоо бичигтэн” уралдаан боллоо |
|