Авьяас сургууль “Эко сургууль-2019” цомын эзэн боллоо
2019-11-15 09:03:53, 754
Хөвсгөл аймгийн БСУГ, БОАЖГ хамтран Эко сургууль хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулахад дэмжлэг болох, сайн туршлага, арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Эко сургууль хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, үр дүн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулав. Энэ үеэр Эко сургууль хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл солилцож, оны шилдгээ тодруулсан бөгөөд Мөрөн сумын урлагийн төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын Авьяас сургууль “Эко сургууль-2019” цомын эзэн боллоо. Эко сургууль хөтөлбөр нь сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаар дамжуулан суралцагчдын тогтвортой хөгжлийн талаарх ойлголт, мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, амьдралын зөв зан үйл, дадал төлөвшүүлэхэд чиглэсэн байгаль орчны боловсрол, менежментийн олон улсын хөтөлбөр юм. Өнөөдөр дэлхийн 67 улсын 52000 орчим сургуульд энэхүү хөтөлбөр хэрэгждэг бөгөөд Монгол Улсад 286 ерөнхий боловсролын сургууль, 4 цэцэрлэг хэрэгжүүлж эхэлсэн байна. Хөвсгөл аймагт Дэлгэрмөрөн цогцолбор сургууль, Авьяас-8, Тариалан, Рашаант сумын болон Хатгал тосгоны сургуулиуд 2017 оноос хэрэгжүүлж байгаа гэнэ. Зөвлөгөөнөөр  сургуулиуд цаашид сурагчдад тогтвортой хөгжлийн боловсрол олгох сургуулийн менежментийн загвар боловсруулж, хичээл бүрийн агуулгад тодорхой хэмжээгээр тусгаж хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлж, үр дүнг тооцож ажиллахаар болов. Мөн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлын үе шат бүрт сурагчдын оролцоог хангаж, манлайллыг дээшлүүлэх; сургуулийн алсын хараа, жилийн зорилго, зорилтуудад эко сургуулийн үзэл санааг тусгах; Эко сургууль хөтөлбөрийн талаар орон нутгийн иргэд, эцэг эхчүүдэд мэдээлэл өгч, тэдний олон талт дэмжлэгийг авч ажиллах; хүлэмж, сургалт, дадлагын талбай байгуулах ажлыг судалж, сургууль, сум орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэхээр боллоо.
 
 
Б.Туяа 
 


Авьяас сургууль “Эко сургууль-2019” цомын эзэн боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0