Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газар Засаг даргын Тамгын газар хамтран багш нарын бага хурлыг зохион байгуулж боловсролын байгууллагын 360 гаруй төлөөлөл оролцлоо. Энэ үеэр өнгөрсөн оны хичээлийн жилийн зорилтын хэрэгжилт, 2019-2020 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх зорилго, зорилтыг хэлэлцүүлж танилцуулав. Тус хурал дээр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хор холбогдлыг нь тайлбарлан таниулах ажлыг сургууль бүр бодит үр дүнд хүргэж, нэг ч хүүхэд гэмт хэрэгт холбогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлж ажиллах хэрэгтэй. Мөн сургууль бүр “Хүүхэд хөгжлийн төв”-ийн ажлыг эрчимжүүлж, түүгээр дамжуулан хүүхдийн оролцоо, өөрийн удирдлагыг хөгжүүлж, хүнлэг, ёс зүйтэй, эрүүл амьдралын зан үйлийн дадал, хэвшилтэй, хөдөлмөрч, амьдрах чадвартай иргэдийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн ажлыг төлөвлөн зохион байгуулж ажиллах хэрэгтэй байна. Бид аймгийнхаа боловсролын салбарын хөгжлийг хурдасгах зорилгоор “Хөгжлийн Хөтөч” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, “Оюунлаг Хөвсгөл”, “Эх хэл бичиг”, “Дэлхийн Хөвсгөл”, “Цахим боловсрол” боловсролын дэд хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрүүдэд туссан асуудлуудыг аймгийн боловсролын бодлого гэж ойлгох нь зүйтэй юм. Боловсрол, соёлын салбарт 2018 онд 46,8 тэрбум, 2019 онд 40,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийж байна. Энэ онд хөрөнгө оруулалтын 21 ажил хийж байгаагаас 3 ажил гүйцэтгэл бүрэн хийсэн, 8 ажил гүйцэтгэгч шалгарсан, 10 ажил гэрээ байгуулах шатандаа явж байна” гэдгийг хэлж байлаа.
Б.Ганаа
Сургууль бүр "Хүүхэд хөгжлийн төв"-ийн ажлыг эрчимжүүлж ажиллана |
Сэтгэгдэл бичих