Орон нутагт дутагдалтай байгаа эмч нарыг АШУҮИС-тай хамтран бэлтгэнэ
2022-09-05 15:42:54, 583

Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Дамдиндоржтой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Тус гэрээ нь  хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах урьдчилан сэргийлэх, оношлох эмчлэх, эмч мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, ажлын байран дахь тасралтгүй сургалтыг үе шаттай зохион байгуулах зорилготой юм.

 Тус гэрээний хүрээнд эмч мэргэжилтнүүдийг сургах,чадваржуулах, харьяа эмнэлгүүдтэй хамтран иргэдийг эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамруулах, орон нутгийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан дутагдалтай байгаа нарийн мэргэжлийн эмчийг бэлтгэж сургах чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж байна.

Мөн энэ үеэр Мөрөн суманд “Багш шавийн эрдмийн уулзалт” сургалт зохион байгуулагдаж аймгийн эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 500 орчим эмч мэргэжилтнүүд цахимаар болон танхимаар сургалтад хамрагдлаа.

Сургалтыг Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эрдэм оюуны их ундарга болсон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэд захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Б.Дамдиндорж багшаар ахлуулсан эрдэмтэн багш нар ирж, мэргэжил мэргэжлийн чиглэлээр мэдээлэл өгч сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа.

Б.Ганаа



Орон нутагт дутагдалтай байгаа эмч нарыг АШУҮИС-тай хамтран бэлтгэнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0