Сайн байна уу. Энэ хорвоогийн эгнэшгүй ачтан үхэл амьдралын алтан утсыг алгандаа атгасан эмч нартаа Олон улсын эмч нарын эрхийг хамгаалах өдрийн мэндийг айлтган мэндчилье.Намайг Б. Мөнхдалай гэдэг. Бие минь өвдөж эрүүл мэндийн байгууллагыг бараадахаас өөр аргагүй болсон тэр нэгэн өдрөөс миний энэхүү түүх эхэлнээ. Өмнө нь тэр бүр эмнэлэгт хандаад байдаггүй миний бие нэгэн өглөө босоход хөхөөр маш хөндүүрлэж хатгаж өвдсөөр сэрлээ. Ойр хавийнхандаа хэлэхэд наадах чинь “хөхний хавдар” байж магадгүй эмнэлэгт хандсан дээр энэ өвчнөөр өвдсөн хүн олон болсон гэж зөвлөлөө . Эхлээд цахимд цаг авч мэс засалд үзүүлэхээр боллоо. Гучин насны босгыг шүргэх гэж яваа надад арай ийм зовлон тохиолдохгүй байлгүй дээ гэж бурхандаа залбирсаар эмчид үзүүлэхэд хавдрын эмчид үзүүлэх хэрэгтэй гэлээ. Хэрэг бишдлээ. Яагаад энэ эмч хавдарт үзүүл гэх болов. Хавдарын эмчид үзүүлэх цаг авч дахиад л 7 хоног хүлээх хугацаа. Энэ хугацаанд интернэтээр мэдээлэл хайж хөхний хавдарын шинж тэмдэг зовиур гэх мэт мэдээллийг хайхад бүгдл нийцээд байх шиг. Ингээд хавдарын эмчид үзүүлэх цаг ирж дугаарлан зогсоход тэнд олон төрлийн зовиуртай нүдэнд нь айдас тодорсон санаа зовнисон зөвхөн энэ эмч л тэдний ганц найдвар мэт зогсох олон хүний дунд нэгэн эгч нулимстай түгшүүртэйгээр дөхөн ирж чамайг эмч юу гэж байна. Намайг хөхний хавдар яаралтай хот яв гэнэ ээ Би оройтчихож гэж нулимстайгаар өгүүлэх нь минийх хавдар биш байгаасай гэсэн найдлагыг улам бүр бүдгэрүүлж түгшүүр төрүүлж байсан юм. Ингээд хавдрын эмчид үзүүлэхэд Умайн хүзүүн хавдар байж магадгүй эмэгтэйчүүдийн эмчид үзүүл гэлээ. Энэ удаад эртлэн очиж цаг аван эмэгтэйчүүдийн эмч Инжир эмчид эход харуулахаар өрөөнд нь сэтгэл түгшүүртэйгээр орлоо. Энэ л биш шүү. Хавдар л биш байгаасай. Инжир эмч эход хараад- Чи жирэмсэн болжээ гэж хэлэх нь тэр. Юу гэнэ ээ арай үгүй байлгүй дээ гэж хоолойгоо чичрүүлэн хэлэхэд Эмч энэ хавдар биш ээ чи жирэмсэн болсон байна гэж дахиулан хэллээ.Би итгэж ядан үгүй байлгүй дээ үгүй байлгүй дээ Нээрэн үү эмчээ.
Нөхөртэйгээ ханилаад дөрвөн жилийг ардаа орхисон ч өнчин тархины гэмтэлтэй хэмээн үр хүүхэд заяагаагүй итгэл найдвараа алдаад байсан надад. Хорвоогийн хамгийн гоё, хамгийн гэнэтийн мэдээг Инжир эмч тэр л үед хэлсэн юм. Сэтгэл хямралаас -сэтгэл хөөрөл. Инжир эмчдээ баярлалаа
Тэр үед эмэгтэйчүүдийн эмнэлэгээс яаж гарсанаа санахгүй байгаа. Нүд дүүрэн нулимс. Хамгийн түрүүнд гараад ээжрүүгээ залгаад шууд л уйлчихсан. Харин ээж минь хавдар болчихож гэж айгаад даралт нь ихэдэж их сандарсан гэж сүүлд нь ярьсан билээ. Дараа нь нөхөрлүүгээ залгасан: Хайраа миний хайр аав болох нь. Энэ үгийг сонсоод миний хань эмнэлэгийн урд талын замаар урсгал сөрөх шахуу давхиж яаж ирж байсныг нь тодхон санаж байна. Ийнхүү миний бие 29 насандаа ээж болох их хувь тавилангаа их л хөгтэйгөөр аз жаргалтайгаар мэдэж авсан юм. Төрөх дөхөж хожуу төрөлт хүнд гэж хүмүүс ярихдаа Төрөхийн эмч нар танил талаа хардаг ялгаварлаж үйлчилдэг гэж ам дамжин цуурч байсан ч дотор нь ороод төрөхөд бүгд л найрсаг сайхан зантайг нь мэдэрсэн. Намайг төрөхөд эх барьж бяцхан охиныг минь надтай учруулсан эмч Д.Цэенрэгзэн, эх баригч Д.Бүрэнжаргал болон тухайн үед ажиллаж байсан асрагч бүх хүмүүст талархсанаа энэхүү захидлаар дамжуулан илэрхийлье. Алгын чинээхэн бяцхан амьтныг гэдсэн дээр минь тавихад арвагнан хөдөлж байсан тэр л гайхамшигт мэдрэмжийг надад олгосон та бүхэнд баярлалаа гэх үг ч багадах бизээ. Хүмүүс дотор нь ороогүй сэтгэлийн гүнд нь зочлоогүй байж жаргал зовлон аль ч үеийн ганц итгэл найдвар болсон эмч нарын тухай буруу, муу үг бүү унагаасай. Ард түмнийхээ төлөө гэсэн цагаан халаад шиг тэдний гэгээлэг сэтгэлийг бүү сэвтээгээсэй. Одоо миний бяцхан гүнж 5 сар хүрч ээж аавынхаа өвөр дээр эрхлэн дэрвэж манайх гэдэг айл аз жаргалаар дүүрэн байна.
Инээмсэглэл –ЭЕРЭГ ХАНДЛАГАТАЙ ЭМЧ ТАНДАА ТАЛАРХЪЯ
Хүйтэн шөнө нойргүй хонож хүний төлөө сэтгэлээ чилээхдээ
Хөрч байна ядарч байна гэсэн хөндий үгийг хэзээ ч унагаагүй
Цаг нартай уралдан ажиллаж, өөрийн амьдралыг хойш тавихдаа
Цалин бага сэтгэл дунд гэж цаараглаж гомдоллож хэзээ ч байгаагүй
Бурханы өмнө амлалт өгсөн мэт бусдын төлөө насаа элээхдээ
Төрийн сүлдэнд тангараг өргөж түмний төлөө хүчээ өгөхдөө
Алдар нэр хэзээ ч горьдоогүй агуу ачтан эмч та шүү
Ашиг хонжоо хэзээ ч хараагүй энэрэнгүй үйлстэн эмч та шүү
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа бүх эмч ажиллагсаддаа Эмч нарын эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргье
Хүндэтгэсэн Мөрөн сумын 13-р хорооны иргэн Б.Мөнхдалай
“ЭМЧ ТАНДАА БАЯРЛАЛАА” ЗАХИДЛЫН УРАЛДААНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭН ЗАХИДАЛ |
|
Сэтгэгдэл бичих