Монгол Улсын аялал жуулчлалын эвент үйл ажиллагааны нэг Мөсний баярыг жил бүрийн 3 дугаар сарын 2,3-ны өдөр зохион байгуулдаг билээ.
Ирэх жил мөсний баяр сар шинийн баярын өдрүүдтэй давхцаж байгаа учраас Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас мөсний баярыг 2 дугаар сарын 21-23-ны хооронд зохион байгуулах саналаа боловсруулж, шинээр байгуулсан ССАЖЗЯ-нд хүргүүлсэн байна.
Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар Сантын өвөр гэдэг газар Мөсний баяр хийж, арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байсан түүхтэй.
Харин 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал эвент үйл ажиллагаа болж өргөжин хөгжиж байгаа юм.
“Хөх сувд-2023” мөсний баярт хорь гаруй мянган иргэн оролцсон байна.
Мөн Япон, Солонгос, Герман, АНУ зэрэг гадаадын найман улсын 270 гаруй зочид, төлөөлөгч зорин ирж оролцжээ.
Тодруулбал, АНУ-ын Элчин сайд Ричард Л.Буанган, Япон Улсын Элчин сайдын яамны дэд тэргүүн Кикүма Шигэрү, БНСУ-ын Тэжон хотын зочид, төлөөлөгчид, БНСУ-ын КСВN телевизийн сурвалжлах баг болон аялагчид иржээ.
Б.Гантуяа
Мөсний баярын өдөрт өөрчлөлт оруулах саналыг хүргүүлжээ |
Сэтгэгдэл бичих