Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 23 сум 1 тосгоны малчин иргэдийн төлөөлөл оролцсон малчдын өмнө тулгамдаж буй асуудал цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцах “Хоймор нутгийн малчид” зөвлөлдөх уулзалт боллоо.
Энэ үеэр малчид “Малыг тоонд бус чанарт анхаарах цаг болсон, хаврын улиралд өвс тэжээл өндөр үнэтэй байна, малын түүхий эд хямд үнэтэй байна, бэлчээрийн доройтол нэмэгдэж байгаа тул ногоон тэжээлийн тарьж сурах шаардлага гарч байна” зэрэг тулгамдаж буй асуудлаа аймаг орон нутгийн удирдлагуудад хэлж байлаа.
Зөвлөлдөх уулзалтад 400 орчим малчид оролцож мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж гаднын зах зээлд түүхий эдийг нийлүүлж ашиг орлого олохын тулд Органик мал аж ахуйтай аймаг болох уриалгыг дэвшүүлж зөвлөмж гаргалаа.
Тус зөвлөмжид “Бэлчээрийн даац хэтэрч байгаа тул малын тооноос илүүтэй чанарт, тухайлбал малын үүлдэр, угсааг сайжруулж, нэг малаас авах ашиг шим, үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэсэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.
Хөдөө аж ахуйн зохистой дадлыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, бүтээгдэхүүнээ органик болгон баталгаажуулах ажлын оролцоог хангахын тулд баталгаажуулалтын болон тухайн асуудлыг хариуцсан байгууллагуудтай нягт түншилж ажиллана.
Мал аж ахуйн үйлдвэрлэлд зайлшгүй мөрдөгдөх хэм хэмжээг сахих, малаа бүртгэл мэдээллийн санд бүрэн хамруулах, бусад иргэний болон журамт үүргээ биелүүлэх талаар идэвх санаачилгатай ажиллах”-аар тусгажээ.
Хөвсгөл аймагт 20 мянга гаруй малчин өрхөд 33900 иргэн маллаж байна. Тус аймаг мал сүргийн тоогоор улсад тэргүүлж байгаа мал аж ахуйн эдийн засагт суурилсан аймаг юм.
Б.Гантуяа
Малчид Органик мал аж ахуйтай болохыг уриалав |
Сэтгэгдэл бичих