Хөвсгөл аймагт 6кВ-ын хуваарилах байгууламж ашиглалтад орлоо
2021-01-02 16:16:35, 688

 Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 6кВ-ын хуваарилах байгууламж ашиглалтад орж цахилгааны хэт ачааллын үед эрчим хүчээр хязгаарлах шаардлагагүй болсон байна. Хөвсгөл Эрчим хүч компанийн 680 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр Хос хан хөхий компани  бүтээн байгуулалтыг хийж  туршилт  амжилттай болсон хүчдэл залгаж байна. Ингэснээр өвлийн хүйтэнд цахилгаан эрчим хүчээр хязгаарлахгүй болж байна гэдгийг Хөвсгөл  Эрчим хүч компанийн ахлах инженер Г.Даваадорж мэдээллээ.

Хөвсгөл аймаг 2004 онд төвийн эрчим хүчний системд холбогдож 24 цагийн гэрэлт цахилгаантай болсноос  хойш эрчим хүчний хэрэглээ их нэмэгдэж 2010 онд   Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компани  Мөрөн дэд станцыг хүчин чадлыг 2 дахин нэмсэн байна. Мөн 2019 онд цахилгаан эрчим хүчний хэрэглээ хэт их  нэмэгдэж байгаа учраас 3 дахь трансформаторыг суурилуулсан боловч ачаалал их байгаа тул шаардлагатай бүтээн байгуулалтыг Хөвсгөл эрчим хүч компани, Мөрөн дэд станцууд хийж байна. Ялангуяа цахилгааны үнийг тэглэх Засгийн газрын шийдвэрээс   хойш  Хөвсгөл аймагт  эрчим хүчний хэрэглээ 10-15 хувь  нэмэгдсэн учраас тодорхой хязгаарлалт хийсэн. Хуваарилах байгууламж ашиглалтад орсноор ачаалал даах боломж бүрдэж байна. Гэхдээ иргэд эрчим хүчийг хэмнэлттэй хэрэглэж байх хэрэгтэйг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн  Хангайн бүсийн салбарын ерөнхий  инженер Б.Анхбаяр онцолж байлаа.

 

Б.Туяа 


Хөвсгөл аймагт 6кВ-ын хуваарилах байгууламж ашиглалтад орлоо