ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮЧИ ХӨВСГӨЛД ЗАЛАРЧ ДЭЭДИЙН НОМЫН АЙЛДВАР АЙЛДЛАА
2018-07-08 23:00:57, 596
 Буддын шашины Гэлүгвийн ёсны гурван тэргүүн ламын нэг Жанзэ Цорж Госог Ринбүчи Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийдийн урилгаар Хөвсгөл аймгийн Мөрөнгийн Хүрээнд морилж Хөвсгөлчүүдэд Цагаан замбал, Аюуш бурханы насны авшиг хайрлав. Тэрээр хоймор нутагт хоёр дахь удаагаа заларч байгаа бөгөөд Мөрөн сумын Мөрөнгийн хүрээнд Бодь мөрийн зэргийн хураангуйн  хөтөлбөр, эдийн их тэнгэр Цагаан замбалын даган соёрхол (Замбал гарвын жэнан), цаг бусын үхлээс гэтэлгэж өвчин зовлонг арилган насыг уртасгагч их Аюуш бурхны насны авшиг (Цэгмэдийн цэ ван) хүртээлээ. Мөн Их-Уулын хүрээ, Тосонцэнгэл сумын Гандандамчойлин хийдүүдэд морилж сүсэгтэн олонд зориулан дээдийн номын айлдвар айлджээ. Госог Ринбүчи 1948 онд Төвдийн Молха тосгонд гайхамшигтай шинж тэмдэг олныг үзүүлэн мэндэлжээ. Түүнийг дөрвөн настай байхад Гоман дацанд шавилан суудаг асан эрдэмтэй монгол хувилгаан ламын хойд дүр мөн гэж Далай ламын багш Тагдаг Ринбүчи тодруулан Госог Ринбүчи нэр хайрласан байна. Тэрээр 1959 онд эх орноосоо гарч Энэтхэгийн Сэра хийдэд сурч 36 насандаа лхаарамбын дамжаа барьжээ. Үүний дараа Жүмэ дацанд их хөлгөний хамгийн дээд хэлбэр нууц тарнийн хөлгөнд суралцаж агримба цол хамгаалсан байна. Госог Ринбүчи 1988 онд Жүмэ хийдийн хамба ламаар томилогдон ажилласан ба хийдийнхээ хамгийн залуу хамба болсон байна. Мөн 1992-1996 онд Төвдийн судрын ёсны алдарт гүн ухааны Сэра дацангийн хамба ламаар тохоогдон ажиллаж Тайван, Непал, Япон, Америк, баруун Европ, Азийн ихэнх орноор айлчлан бурхан шашныг дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн ажээ.
Б.Гантуяа


ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮЧИ ХӨВСГӨЛД ЗАЛАРЧ ДЭЭДИЙН НОМЫН АЙЛДВАР АЙЛДЛАА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0