2018 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
2018-11-05 12:20:03, 581
Агаарын температурын сарын дундаж нь нутгийн баруун ба хойд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байдаг ба  нутгийн баруун ба баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон эцсээр бага зэрэг хүйтэрнэ. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр хүйтэрч Дархадын хотгор, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын сав дагуух нутгаар шөнөдөө 28-33 градус өдөртөө 16-21 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна.
 
 
Энэ сард аймгийн нийт уур амьсгалын дунджаас ахиу цас орох төлөвтэй. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зарим газраар, нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цас орох төлөвтэй.
Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.
Уур амьсгалын тойм
 Уур амьсгалын дундажаар агаарын температурын сарын дундаж нь Увсын зүүн, Завхан, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 14-19 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 2-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байдаг\1 дүгээр зураг\. Гэвч зарим жил энэ утгаас нилээд хазайдаг. Тухайлбал: 1988, 1990, 1994, 1995, 1999, 2001, 2005-2008 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар дулаан байсан ба өдрийн үнэмлэхүй их температур говийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус хүрч дулаарсан бол 1986, 1987, 1993, 1996, 2000, 2002, 2003, 2009, 2012  онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-6 градусаар хүйтэн байсан бөгөөд 2000 онд үнэмлэхүй бага температур Завхан, Баянхонгор, Архангайн хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 35-40 градус, бусад нутгаар 28-33 градус хүрч хүйтэрч байв.
Энэ сард Увсын хойд, Завханы баруун хойд хэсгээр 8-11мм, Завхан, Төв аймгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн баруун, Булганы зүүн, Ховд, Архангайн өмнөд, Хэнтийн хойд, Дорнодын баруун хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 4-7мм, бусад нутгаар 0-3 мм хур тунадас ордог\2 дугаар зураг\ боловч жил бүр харилцан адилгүй. Тухайлбал: 1980 онд Завхан, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 1986, 1992, 1993 онд нутгийн өмнөд хэсгээр, 2000, 2002, 2003 онд төв ба зүүн зүгийн нутгаар, 2009 онд нутгийн баруун хагаст  олон жилийн дунджаас 1-3 дахин их цас орсон бол 1988, 1995, 1997,1999, 2004-2008 онд ихэнх нутгаар  дунджаас бага цас оржээ. Олон жилийн дунджаар ихэнх нутгаар 2-8 см зузаан цас тогтдог боловч цас их орсон жил 20 см хүрдэг. Цасан шуурга жил бүр 2-5 удаа, зарим жил 6-8 удаа ажиглагддаг.Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн нутгаар жил бүр 3-5, бусад нутгаар 2-3 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд 1975 онд Өлгий хот орчимд 30 м/с, 1978 онд Төв, Дундговийн нутгаар, 1991 онд ихэнх нутгаар 18-28 м/с, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар 40 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурч байжээ.


2018 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0