ОБГ-аас Үйлчилгээний гавьяат ажилтан төрлөө
2019-07-13 11:17:38, 503
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Х.Мөнхбат “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнууллаа. Ахлах дэслэгч Х.Мөнхбат Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан долоо дахь гавьяат буюу энгийн аврагчаас төрсөн хоёр дахь залуу гавьяат болж байна. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 182 иргэний амь нас, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 950.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Мөн “НИК Петровис” компанийн шатахуун тээвэрлэгч хоёр автомашин Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр тээвэр хийж яваад нуурын мөс цөмөрч осолдсон дуудлагаар 35-45 градусын хүйтэнд 47 м-ийн гүнд гурван хоног нийт 9 удаагийн шумбалт хийж, 1 хүний цогцсыг гаргасан бол хоёр автомашиныг Хөвсгөл нууранд шатахуун асгалгүйгээр татан гаргах ажиллагааг амжилттай гүйцэтгэхэд оролцсон юм. Х.Мөнхбат хүчтэй цасан шуурганаар Хатгал тосгоноос 9 км-ийн зайтай “Модот булан” гэдэг газраас Хатгал тосгоны чиглэлд явж байгаад Хөвсгөл нууран дээр төөрсөн 13 автомашинтай 45 иргэнийг, нуурын мөсөн дээр баримжаагаа алдан төөрч явсан явган 8 иргэний амь насыг авран хамгаалсан зэрэг аврах ажиллагаануудад амжилттай үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа ажээ.
Б.Туяа 
 


ОБГ-аас Үйлчилгээний гавьяат ажилтан төрлөө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0