Өнөөдөр бурхан багшийн гурван их дүйцэн өдөр тохиож байна
2019-05-18 01:09:27, 1970
Өнөөдөр бурхан багшийн гурван их дүйцэн өдөр тохиож буй учир энэ талаар Дарба бандида гэгээнтэн тайлбарлаж байна.
 
Дүйцэн гэдэг нь дүйчэн гэсэн төвд үг бөгөөд орчуулвал Их адистэдтэй сайн өдөр гэсэн утгатай юм. Сарын дүйчэн өдөр нь шинийн найман, арван дөрвөн, арван таван, битүүн гээд өдрүүд болдог. Энэ өдрүүдэд буян үйлдвээс зуу дахин үрждэг гэж бурханы номонд айлдсан байдаг. Бас энэ өдрүүдэд цагаан зүгийн тэнгэр нар хүний ертөнцөд ирж сайн үйл үйлдэж буй хүмүүсийг тэтгэн дэмжиж, ажил үйлсийн дэлгэрүүлдэг гэдэг. Ялангуяа зуны эхэн сарын шиний арван таванд бурхан багш эхийн хэвлийд оршсон, бурхан болсон, таалал барьсан гурван их дүйчэн өдөр нэг өдөр тохиодог учир бурханы шашинтай орнуудад энэ өдөр буян номыг хичээнгүйлэн үйлддэг.
Бурхан багш бол таван цөвүүн цаг дэлгэрсэн үед амьтныг авран тэтгэхээр заларсан бурхан юм.
Урьд тоолшгүй цагийн өмнө Ринчэн нямбу бурхан ертөнцөд залран олон түмэн амьтныг гэгээрэлд хөтлөх үед мянган бярман нэгэн зэрэг бодийн сэтгэлийг үүсгэсэнд Ринчэн нямбу бурхан тэдгээр бодь садваг сайн галавт мянган бурхан болно гэж бошго буулгасан юм тэр үед 999 бодьсадва өөр өөрийн бурхан болох орон цагийг авсан байдаг. 
Харин таван цөвүүн цаг дэлгэрсэн хэрцгий ширүүн авиртай номхотгоход бэрх, шунал, уур, омог атаархалаар дүүрсэн үеийн амьтныг татан сайжруулахаар хэн ч авалгүй орхисонд бурхан багшийн өмнөх төрөл бярман Жамцо дүл хэмээх бодьсадва тэдгээр амьтны нигүүлсэн энэрч Ринчэн нямбу бурханы өмнө сөгдөн би тэр цэвүүн цагийн амьтан нугуудыг номхотгоё. Тэр хүртэл надад бурхан болох хүч байвч бурхан болголгүй тэр цаг үед л илт туулж бурхан болъё гэж ам аван тангараглаад цэвүүн цагийн амьтны тулд олон ерөөл тавьсанд Ринчэн нямбу бурхан хийгээд арван зүгийн бурхад, бодьсадва нар цэцэг цацан их бодьсадва чи цэцэг нугуудын дундаас цагаан лянхуа адил бодь садва нугуудын дундаас ханицашгүй юм хэмээн сайшаан магтсан байдаг. 
Тийм учир бидний энэ цаг үед бурхан багш төгс гэгээрч бурхан болсон түүхтэй. 
Иймд бид зуны эхэн сарын шиний арван таванд бурхан багшийн чин зориг, эрдэм чадлын дурдан санаж, сүжиглэн бишрдэг билээ. Гол нь бурхан багшийн сургаалыг бүтээх нь чухал байдаг. Бурхан багш юу сургасан бэ? Гэвэл амьтанд хир хийлгүй юу амьтанд туслан баярлуулж бай гэж айлдсан юм. Тийм болохоор шинийн 15-нд амьтны амь таслах, хулгай хийх, худал ярих, ширүүн үг хэлэх гээд 10 хар нүглийг тэвчин, амьтны амийг авран, амьтанд өглөг өгч, үнэн шударга уян зөөлөн байх аваас буян маш ихийг хураах болно бас ил өдөр чадвал хийд орон эргэл мөргөл хийн, гэртээ зул хүж өргөн маань мэгзэм уншвал маш сайн.
 
Бурхан багшийн зүрхэн тарни
 
"Дадята ум мүни мүни маха мүни еэ сухай"
 


Өнөөдөр бурхан багшийн гурван их дүйцэн өдөр тохиож байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0